Арвайхээр сумын нийтийн тээврийн үйл ажиллагааг хэвшүүлэх, автобусны буудал барихад орон нутгийн төсвөөс 10589,8 сая төгрөгөөр 10 автобусны зогсоол, 40 ширхэг зогсоолын тэмдэг барьж, дөрвөн микро автобусыг нийтийн тээвэрт явуулахаар 10 сая төгрөгийн бензин тосоор урамшуулсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар нэг жилийг үдсэн бөгөөд 2010 оны нэгдүгээр сард аж ахуйн нэгжүүдийн дунд нээлттэй тендер зарлаж, “ӨВ-Баянбүрд” ХХК шалгаран гэрээ байгуулснаар өдгөө нийтийн тээврийн үйл ажиллагаа жигдрэн явж байна.
Бид энэ удаагийн сурвалжлагаараа Арвайхээр хот дахь нийтийн тээврийн үйлчилгээ, явц байдлын талаар асууж сонирхсон юм. Одоогоор баг бүрийн чиглэлд нийт таван микроавтобус том хүнд 400, хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилж байна. Улаанбаатарынханг бодвол чихэнд чийртэйгээр хашхичилгүй зохиолын дуу хангинуулан давхих микронуудыг үйлчлүүлэгчид ч андахгүй мэдэх болж, зохих ёсны мөнгөө төлөн сууж хэвшиж байгаа гэнэ. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ цаашид үргэлжлэх боломжтой төдийгүй автобусны буудлын тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Харин таксины үнийг бууруулах талаар Арвайхээр сумын захирагчийн албанаас асууж сураглахад “Таксины жолооч нарт таксинд явах тусгай зөвшөөрөл өгч үзсэн боловч Яамнаас тусгай зөвшөөрлийг болиулсан учраас цаашид хяналт тавих боломжгүй” гэсэн хариулт өглөө.
Ингээд Арвайхээр сумын иргэн болон, нийтийн тээврээр үйлчилж байгаа жолоочтой уулзлаа.
Дөрөвдүгээр багийн иргэн Я.Сосорбурам:
-Нийтийн тээвэр явж эхлээгүй байхад төв рүү орох гэж их холоос алхдаг байлаа. Өдөр бүр таксидаад байх хэцүү. Хөл дүүжлэх унаагүй өндөр настан бидэнд бол нийтийн тээврээр үйлчилж байгаа нь их сайшаалтай байна. Үнийн хувьд боломжийн байдаг. Бас гэрт хүргээд өгдөг юм.
Гурав, дөрөвдүгээр багийн микро автобусны жолооч М.Чинбат:
-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэдий хугацаанд ажиллаж байна?
-Зургаан сар болж байна.
-Энэ хугацаанд хүндрэлтэй зүйл юу байв?
– Гайгүй дээ. Нийт дөрвөн жолооч, дөрвөн кондуктар ажиллаж байна. Такси үнэтэй явдаг болохоор хүмүүс микронд суух дуртай. Нэг үеэ бодвол мэддэг ч болчихсон. Нийтийн тээврийн зогсоол байдаггүй. Энэ тал дээр арга хэмжээ аваасай гэж бодож байна. Тэгэхгүй бол хүмүүс аль нь нийтийн тээвэр болохыг мэдэхгүй, дэргэд сураад явж байдаг. Хөгжим тавьж л ялгарч байгаагаас өөрөөр олон машин дотор ороод зогсохоор зорчигчид ялгахгүй байх тал их байна.
– Цалин хэдийг авдаг вэ?
– Цалин 200 мянган төгрөг авдаг. Үүнээсээ даатгал суутгаад 180 мянган төгрөг авна. Кондуктарууд 150 мянгыг авдаг.