Ц.Батчулуун их мастерын болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Ц.Батчулуун их мастерын болзол хангалаа

Энэ жилээс эхлэн олон улсын статустай болж ФИДЕ-гийн ивээл дор зохион байгуулагдах болсон Чин ван Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан-2011” шатрын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Таван өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээний “А” зэрэглэлд олон улсын мастер Ц.Батчулуун долоон оноогоор түрүүлж, 5000 ам.долларын эзэн болов. Ингэснээр тэрбээр их мастерын болзол хангаж, Монгол Улсаас төрөн гарч буй тав дахь их мастер болжээ. Ц.Батчулуун нийт есөн өрөг тоглохдоо тав хожиж, дөрөв тэнцсэнээр нэг ч хожигдолгүй тэмцээнийг өндөрлүүлсэн.

Олон улсын цол зэрэг олгосноороо онцлогтой уг тэмцээний дэд аварга болсон олон улсын мастер Б.Гүндаваа их мастерын нэг балл авсан. Харин гуравдугаар байрт Туркийн их мастер Хазнедароглу шалгарлаа. Энэ тэмцээний хамгийн өндөр чансаатай шатарчин ОХУ-ын их мастер Антон Шомоев дөрөвдүгээр байр эзлэв. “Үндэсний шуудан” сонины дэргэдэх “Мончесс” клубын шатарчин, их мастер Т.Батчимэг тавдугаар байр эзэлж, эрэгтэйчүүдийн олон улсын мастерын болзол биелүүлсэн юм.

Харин “В” зэрэглэлийн рапидын тэмцээнд 126 шатарчин оролцсоноос спортын мастер С.Ган-Од 7.5 оноогоор тэргүүлж, олон улсын мастер Н.Баттулга, ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр нар удааллаа. 16 настай залуу тамирчин Н.Бадамханд дөрвөлж, сонирхогчдын дэлхийн аварга, шинэ ФИДЕ мастер С.Билгүүн айрагдав. Тэгвэл “В” ангилалд эмэгтэй шатарчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн “Үндэсний шуудан” сонины дэргэдэх “Мончесс” клубын тамирчин, олон улсын мастер Д.Янжиндулам тусгай шагнал хүртсэн. Үүнээс гадна зургаан төрөлд 20 орчим шатарчныг тусгай шагналаар шагнав. Тэмцээний хамгийн залуу нь зургаан настай Амартүвшин байсан бол ахмад нь Ж.Лхагваа гуай байлаа. Их мастерын болзол хангасан Ц.Батчулуунтай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд 19 дэх жилдээ шатрын спортоор хичээллэж байгаа юм.


-Юуны өмнө их мастерын болзол хангасанд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Манай дотоод, гадаадын нийлсэн зургаан их мастер цолтон оролцсон нэлээд ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрлөө. Дандаа шилдгүүд оролцсон гэдэг утгаараа өрсөлдөгч нар маш хүчтэй байсан.

-Хамгийн хүнд өрөг гэвэл?

-Энэ тэмцээний хамгийн өндөр чансаатай шатарчин болох ОХУ-ын их мастер Антон Шомоевтой хамгийн хүнд тоглолтыг хийсэн. Хараар тоглож тэнцсэн байгаа.

-Шомоевтой өмнө тоглож байв уу. Тоглолтын гараа нь ямар санагдсан бэ?

-Анх удаа тоглолоо. Бид хоёр нэлээд хурц хувилбараар тоглосон. Гарааг янз бүрээр хийж байсан.

-Өөрийн тань хувьд их мастерын болзол хангалаа. Их мастер болоход ямар норм биелүүлсэн байх ёстой вэ?

-Их мастерын гурван балл биелүүлж, чансаагаа 2500 хүргэх ёстой. Миний хувьд энэ тэмцээнээс сүүлийн баллаа авлаа. Одоо чансаагаа 2500 хүргэхийн тулд чармайх болно гэж хэлмээр байна.

-Одоо ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-Он гаргаад ОХУ-д болох томоохон тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Мөн шатрын олимпиад, оюутны дэлхийн аварга гэх мэт олон том тэмцээнд бэлтгэлээ сайн хийж байгаа оролцох бодолтой байна.

-Их мастерын болзол биелүүлэх чухал тэмцээнийхээ бэлтгэлийг яаж хийв?

-Ерөнхийдөө хувиараа хийсэн. Хувийн бэлтгэл нэлээд сайн байсан гэж хэлж болно.

Б.Мөнхзул

“Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж