Багш нар хугацаагүй ажил хаялаа

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Багш нар хугацаагүй ажил хаялаа

“Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны багш нарын Ажил хаялт зохион байгуулах түр хорооныхон өнөөдрөөс хугацаагүй ажил хаялт зарлалаа. Түр хорооныхон сургуулийн удирдлагуудаар дамжуулан сурагчдын эцэг, эхэд сонордуулга хүргүүлсэн байна. Мөн ажил хаялт зарласан хугацаанд эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтдаа байлгахыг тэд зөвлөжээ. Хэрэв сурагч гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөх, осолд өртөх зэргээр асуудал гарвал сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс хариуцлага хүлээхгүй гэдгийг тэд сануулж байгаа юм. 

Хугацаагүй ажил хаялтад нийт 89 сургууль, 98 цэцэрлэгийн багш нар хамрагдаад  байна. Тэд төр засгийн өндөрлөгүүд багш нарын шаардлагыг хүлээн авч, асуудлыг нааштайгаар шийдэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа. Гэвч одоогоор тэдний шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар салбарын яам, УИХ-ын төвшинд огт яригдаагүй байгаа юм.

Дашрамд дуулгахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс багш нар хугацаагүй ажилтын хугацаанд хүүхдүүдийг хичээлийн хоцрогдолгүй байлгах үүднээс Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевизтэй хамтран Теле хичээлийг явуулах юм. Теле хичээл даваагаас баасан гаригийн өдөр бүр 10.00-12.00, 13.00-14.30, 15.00-16.00 цагийн хооронд “Боловсрол суваг” телевизээр гарах тул эцэг, эхчүүд та бүхэн энэ цагт хүүхдүүдээ теле хичээлд анхаарлыг нь хандуулна уу.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж