Хугацаагүй ажил хаялтад нийт 89 сургууль, 98 цэцэрлэгийн багш нар хамрагдаад байна. Тэд төр засгийн өндөрлөгүүд багш нарын шаардлагыг хүлээн авч, асуудлыг нааштайгаар шийдэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа. Гэвч одоогоор тэдний шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар салбарын яам, УИХ-ын төвшинд огт яригдаагүй байгаа юм.
Дашрамд дуулгахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс багш нар хугацаагүй ажилтын хугацаанд хүүхдүүдийг хичээлийн хоцрогдолгүй байлгах үүднээс Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевизтэй хамтран Теле хичээлийг явуулах юм. Теле хичээл даваагаас баасан гаригийн өдөр бүр 10.00-12.00, 13.00-14.30, 15.00-16.00 цагийн хооронд “Боловсрол суваг” телевизээр гарах тул эцэг, эхчүүд та бүхэн энэ цагт хүүхдүүдээ теле хичээлд анхаарлыг нь хандуулна уу.