Шинэ топ тодроход дөрөв хоног

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Шинэ топ тодроход дөрөв хоног

Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл” наадам өнгөрсөн бямба гарагт эхэллээ. “Гоёл-2012” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн “Гоёл” наадмаас  Монголын 13 дахь топ модель тодорч, шилдэг дизайнерууд шалгарах юм. 2001 оноос эхлэн “Гоёл” наадмыг зохион байгуулагчид Монголын топ модель хэмээх өргөмжлөлийг гардуулдаг болсон. Энэ удаагийн "Гоёл" наадам энэ сарын 14-нийг дуустал “Рамада” зочид буудалд “Монголын загварын долоо хоног” нэрийн дор зохион байгуулагдах юм. Энэ үеэр гадаад дотоодын дизайнеруудын бүтээлийг танилцуулна. Харин Гала тоглолт  15-нд Соёлын төв өргөөнд болж, топ модель болон шилдгүүдээ шалгаруулах юм. Энэ наадмаас хамгийн анх төрөн гарсан топ бол Э.Одгэрэл. Түүний араас топ Д.Болормаа, Д.Цолмон, Ч.Туяацэцэг, Х.Ундраа, Т.Баярзул, Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Г.Алимаа,  О.Уянга, Ч.Уранбилэг нар шил шилээ даран гарч ирсэн. Харин хамгийн отгон топоор Э.Сэлэнгэ тодорсон билээ. Харин энэ жил топд өрсөлдөх миссүүдийн тоо цөөхөн хэмээн учир мэдэх хүмүүс сэм шивнэж байна.  Харин тэр цөөхөн нэрний дотор цохиж яваа хүний нэр бол МҮОНТВ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр олны танил болсон Б.Гэрэлчулуун. Тэрбээр “Гоёл-2006” наадмын “Тусгай байрын шагналт загвар өмсөгч”, “Хаврын гоёл-2009” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2010” наадмын “Дэд байрын шагналт загвар өмсөгч”-өөр шалгарч байжээ. Мөн “Miss Mongolia-2007” тэмцээний Гран при шагналыг хүртэж, Малайзад зохиогдсон “Miss International-2007” тэмцээн эх орноо төлөөлж оролцоод “Best national costumes” өргөмжлөл авсан удаатай. Тэгвэл мисс, загвар өмсөгч бүсгүй маань энэ удаагийн “Гоёл” наадмын топ модель болно гэдэгтээ ихэд итгэлтэй яваа ажээ. Б.Гэрэлчулуун “Аливаа тэмцээнд оролцохдоо хүчтэй өрсөлдөгч нарын нэг байхыг хичээдэг. Амжилтаа бататгах улмаар топ моделийн хэмжээнд ахиулах бодол байлгүй яахав. Би заавал топ модель болно” хэмээжээ.

Э.Пагма

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж