Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вэнь Зябаотай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вэнь Зябаотай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр энэ 4-р сарын 28-ны өдөр Бээжин хотод хүрэлцэн ирлээ.  
Айлчлалын эхний өдөр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаж, Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Хоёр орны улс төрийн харилцааны үндэс суурийг улам бэхжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний дотор дэд бүтэц, уул уурхай, санхүүгийн салбарт идэвхтэй хамтран ажиллах болон, бүс нутгийн хамтын ажиллагааны голлох асуудлуудаар хоёр тал санал нэгтэй байгаагаа уулзалтын үеэр харилцан нотлов.
Хятадын боомтоор дамжин гарах монголын экспортыг  нэмэгдүүлэхэд чиглэсэн транзит тээврийн боломжийг сайжруулах, уул уурхай, мал аж ахуйн салбарт эцсийн бүтээгдэхүүн хамтран үйлдвэрлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан саналуудыг хятадын тал дэмжиж байгаагаа нотолж,  энэ чиглэлээр хамтран ажиллах, техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ялангуяа транзит тээврийн талаар хийгдэж буй яриа хэлэлцээг хариуцлагатай, идэвхтэй байдлаар үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд  Вэнь Зябао нотлов. .
Тэрчлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын аж ахуйн нэгжүүдэд  зориулан БНХАУ-ын талаас арилжааны зээл олгох шугам нээх асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд Хятад улсын зүгээс урьд өмнө олгосон зээлийн нөхцлийг сайжруулах, ашиглалтыг түргэтгэх, түүнчлэн зээлд тохирсон төслүүдийг оновчтой сонгоход хоёр тал чухалчлан анхаарах ёстойг санал нэгтэй тэмдэглэв.
Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар харилцан туршлага солилцох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх боломжийн талаар ярилцав.
Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хамтран ажиллаж, олон талт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Өнгөрсөн жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд, харилцааны шинэ жарны эхэнд хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулж,  түвшинг ахиулах бүрдэж байгаа талаар  Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нар  санал нэгтэй тэмдэглэв.
Хөгжиж буй орнуудаас анх түрүүн Экспо хэмээх дэлхийн үзэсгэлэнг Шанхай хотноо зохион байгуулж байгаа нь БНХАУ-ын хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавхийг дэлхий нийтэд таниулах болно хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж тэмдэглэж, “Шанхай Экспо”-гийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчалынхаа хүрээнд  Жилинь мужид зочилж, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны зарим боломжуудтай танилцах ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж