Хөгшин сэтгүүлч уйлахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Хөгшин сэтгүүлч уйлахаа больжээ

Монголын сэтгүүлчийн 15 дугаар их хурал дээр нэгэн ахмад сэтгүүлч үгээ хэлэв.  Таван зуу орчим төлөөлөгчдөөс олон хамгийн ахмад нь бололтой харагдана. Шинэ дүрэм батлах гээд “Хүн бүрийн хүчин чадал оруулж буй” орчинд өөрийн уйлснаа ярьсан хөгшний яриа арай өөр болоод залууст үл таалагдан индрээс хөөгдөх шахав.

Монголд шударга ёсыг сэргээнэ гэж Ц.Элбэгдорж сонгуулийн уриагаа хэлэхэд нь тэр хөгшин нулимс унаган түүнийг дэмжсэн гэнэ. Харин одоо бол ахмад маань шударга ёсыг сэтгүүлчид  тогтооно гэдэгт ерөнхийлөгчөөс илүү итгэлтэй болсон учраас уйлахаа больжээ. Сэтгүүлчийн мэргэжилтэй Ерөнхийлөгчөө их хуралдаа ирнэ, цаг зав муутай байсан бол алга дарам цаас ирүүлж, баяр хүргэнэ гэж найдаж байсан ажээ. “Больё оо, буугаач” гэсэн дотор халаалттай хүмүүсийн “бухамдлыг” тэр хүн “Чамайг би таньж байна. үгээ чамаар хаалгуулахгүй” хэмээн зогсоож  байгаад одоо Монголд шударга ёс алга  болсныг тайлбарлаад индрээс буув.

Олон түмний оюун санааг бүтээгч сэтгүүлчид маань “Орон гэр ч үгүй, оочих аяга ч үгүй” хэд аж. “Сэтгүүлчдэд ордон хэрэгтэй юу? Орон гэр хэрэгтэй юу?” гээд зарим залуу бухимдах аж. Хот хөдөөгөөрөө хуваагдаж тунирхаж байгаад л тушаалын квот авах аж. Уран үгийг уралдуулж байгаад л урагштай тохиролцоогоо унагах аж. Ийм лут хурал байгаагүй гэж байгаад л элдэв саналыг эргүүлэх аж. Үхэр буугаа тавьж байгаа хуучин удирдлагад нь хурал сунжиран удааширах нь нэн таатай. Залуусаа эрч хүчтэй гэх мөртлөө тэдний залхаан ийш тийш явуулчих санаатай. Ээлжит их хурлаа хийж буй мөртлөө огт цоо шинэ байгууллага бүтээн нэр хаягаасаа эхлээд л яриулж цугларсан олноо “үргээх” ажээ.

Хуучин байраа хувь хүнд хувьч­луулаад ордон ч үгүй, орон гэр ч үгүй сэтгүүлчид одоо л нэг зөв замдаа орлоо гээд орилолдон байж олон цаг хуралдаад дараагийн өдрийн өглөөний долоон цагт жинхэнэ, тэргүүн дэд, дэд, дэд гэсэн дөрвөн “машид олон” ерөнхийлөгчтэй болоод хурал хуйгаа дуусгаад хувьсал шинэчлэлдээ орлоо. Дундаа ганцхан үзэгтэй мэргэжил нэгтнүүддээ хуралд гаргасан тал талын эрчээ хувьсалдаа зориулан “сонгууль гэсэн голланд өвчинд” нэрвэгдэлгүй дээдлэхийг А.Шархүү хүсэв. Хурал тарлаа, манантай байлаа.

А.Шархүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж