Шинэчлэлийн салхи сэвэлзсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн салхи сэвэлзсэнгүй

Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөсний
22 жилийн ой монголчууд тэмдэглэсэн ч энэ улс хаашаа явааг хэлэхэд
үнэхээр бэрх болжээ. Товчилбол, гэрэл гэгээгээс илүүтэй сүүдэр ноёрхож,
жавар хургасан үй олон асуудал Монголыг бүчиж байна. Авлигын индексээрээ
бид ухарлаа. Гэхдээ энэ бүхэнд бага ч болов гэрэл нэмэх зүйл нь
шинэчлэл гэж найдсан мянга мянган сэтгүүлчийн зүрхэнд зул бадамласан юм.
Түүний тулд, Монголын дөрвөн зүг, найман зовхисоос 500 сэтгүүлч
шинэчлэлийн төлөө цугласан нь “Монголын сэтгүүлчдийн ХV хурал” байлаа.
Харамсалтай нь тэр хурал том тэнэглэл болсон. Аливааг соргогоор харж,
бусдын бульхай, хуудуутай үйлдэл, хууль бус шийдвэрийг байнга дэлгэж,
бусдад зүхүүлсэн ч үнэний төлөө дуугардаг. Түүнийхээ төлөөсөнд хямдхан
хятад бараагаар хувцаслаж, хуушуур, бэлэн гоймонхон л авч хүрэх мөнгөтэй
халаастайдаа бус үр хүүхэддээ бусдын адил наран жаргахаас өмнө очиж
чадаагүйдээ хөнгөн гуниг тээн гундуухан алхдаг. Үр хүүхэддээ өвлийн
дулаан хувцас авч чадаагүй дээ биш бусдын хүүхэд галгүй суугаад
эмзэглэсэн бид чинь ямар арчаагүй болчихсон хүмүүс юм бэ. Төрийн албаны
унхиагүй, арчаагүйг, улстөрчдийн увайгүй, ичгүүргүйг  шүүмжилдэг хэрнээ
өөрсдөө хэн болчихсон байна вэ. Ардчиллын 22 жилийн эцэст хамгийн
шинэчлэгдээгүй, хамгийн хуучимсаг салбар сэтгүүл зүй болон хувирчээ.
Халуун зунаар эхлүүлсэн шинэчлэлийн салхи сэтгүүл зүйн салбарыг чиглэн
байснаа гэнэт чигээ өөрчлөн хаа нэгтээ туугдан одлоо.

Монголын
сэтгүүлчдийн их хурал орцны оршин суугчдын хурлаас дор болж өнгөрсөн
гэвэл итгэх хүн олдохгүй байх даа. Дэг журам, зохион байгуулалт гэдэг
ойлголт огт үгүй, саналын хуудас хэвлэх компьютер ч үгүй, шөнө дөлөөр
хаа нэгтээ аваачиж саналын хуудсаа хэвлэх гэж хоёр цагийг барсан.

 “Монголын
сэтгүүлчдийн XV их хурал” нэртэй жүжиг бүтэн өдөр, шөнө үргэлжилж ням
гаригт буюу өчигдөр өглөө 07.00 цагт өндөрлөлөө. Өглөөний 06.20 цагийн
орчим өндөрлөсөн тооллогын комиссийн дүн гарахад санал хураалтад
оролцсон төлөөлөгчдийн 52,34 хувийн саналаар зохиолч, сэтгүүлч
Б.Галаарид Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Тэргүүн дэд ерөнхийлөгчид МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд
ерөнхийлөгчид “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Заяабат, Орон нутгийн
сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж нар сонгогдсоныг тооллогын
комисс илтгэснээр арайхийн хөшиг хаагдлаа.

Зарим маань их л
баяртай оргилуун дарс буудуулаад жигтэйхэн. Харин шинэчлэл хийхийг
уриалж, түүний төлөө зүтгэж явсан, шинэчлэлийг дэмжиж, шинэчлэгдэхэд
бэлэн байсан залуус бүтэн өдөр өнжсөн хүйт даасан заалны жихүүн жаврыг
тээсээр гарлаа.

Энэхүү хурлаар МСЭ шинэчилсэн дүрмийг баталсан.
Гэхдээ олонхи маань тэнд чухам юу өөрчлөгдсөнийг мэдээгүй. Осолтгүй
дүрмийн төсөлд Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй
байна хэмээн заасныг мэдсэн байх. Хуралд хамгийн зохион байгуулалттай
оролцсон гэж хэлж болох орон нутгийн сэтгүүлчид хурлаа хаяхыг сүрдүүлж
байж дахин нэг дэд ерөнхийлөгчийн орон тоо бий болгож, орон нутгийн
сэтгүүлчдийн асуудлыг дангаар нь хариуцуулахаар болсон юмдаг.

“Намайг
сонгоорой, би таны төлөө юу л бол юуг хийнэ” гэдэг хүмүүсийг шоолдог,
жигшдэг нөхөд маань өөрсдөө тэр дүрд хувирахдаа харин ичээгүй. Тэдний
зарим нь Хяналтын зөвлөлийн долоо, Гүйцэтгэх хорооны 19 гишүүний нэг
болон сонгогдсон байх л даа. Харин үнэхээр шинэчилье, эрүүл байхын төлөө
ийм ажил хийж, тийм бодит үйл бий болгоё гэж ярьсан хүмүүс нь
сон­гогд­сон эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй юм.

Сэтгүүлчдийн нэг
хэсэг нь өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдын эрх ашигт нийцүүлэхээс
илүүтэй өөрийн эрх мэдлийг зузаатгаж, элдэв сэтэртэй болох туйлын
хүслэнтэй. Түүндээ хүрэхийн тулд хэнийг ч хамаагүй нулимж, хэнд ч юу ч
гэж худлаа хэлдэг ойворгон болчихож.  Шинэчилье гээд байсан зарим нөхөд
хуралдаа ч ирсэнгүй. Өмнө нь их л том том ярьж, үнэхээр болохоо
байчихсан гээд зөв­шөөрөөд байсан хэрнээ хурлын танхимд оро­хоороо
худлаа бялдуучилж, хувиран өөрч­лөгдсөн “хамелеонууд” ямар ч олон юм бэ.
Сэтгүүлчдийн
эл байгууллага, сэтгүүлчид мөнгөгүй гэхээсээ илүүтэй сэтгэлгээ нь
хуучирсан, шинэчлэл гэж цээжээ дэлддэг ч түүнийг хийхээс айдаг,
сэтгэлгүй гэхгүй ч сонирхлын зөрчилтэй болчихсон гэвэл олон хүн
зөвшөөрөх байх. Үгүй ч байж мэднэ. Тийм байтал татвараа нэмэцгээе гэж
хуучин удирдлагуудад тал засах, өөрийн санасан бодсоноо бус хэн нэгний
хатгаасаар индэр дээрээс шүлсээ үсчүүлсэн хүмүүсийг хараад хэнд ямар
сэтгэдэл төрснийг мэдэхгүй.
 
Сэтгүүлчдийн эвлэлийн удирдаж
байсан хуучин удирдлага Т.Баасансүрэн, Д.Заяабат нарыг түлхэж унагахыг
төлөө тэр олон сэтгүүлч уржигдар цугласан юм биш. Эрх баригчдад тал
засдаг, сэтгүүлчдийнх нь эрх зөрчигдөж байхад хараагүй, сонсоогүй юм шиг
явдаг арчаагүй байдлаасаа салж, жинхэнэ утгаараа тэдний эрх ашгийг
хамгаалдаг байгууллагатай болохын төлөө сэтгүүлчид цугласан юм. Гэхдээ
санаснаар болоогүй ээ. Энэ байгууллага нь юу болчихсон, сэтгүүлчид хэн
болж буйг нүдээр үзээд гутаад харьсан, хөөрхий. Тэдний зарим нь
дараагийн их хурлыг, дахиад хэзээ шинэчлэл ярихыг үзэхгүй ч байж мэднэ.
Үзэхээр байсан ч өмнөх шигээ л тулга тойрсон, худлаа улстөржсөн
өрөвдөлтэй хурлаар төсөөлөөд ирэхгүй л болов уу. Шинэчлэл ярьсаныхаа
төлөө элдвээр хэлүүлж буй залуу сэтгүүлч С.Наранбаатар мэтийн сэтгүүлч
гонсгор хоцорсон байх. Бүгдээрээ мэддэг ч ил хэлдэггүй бүхнийг ил гарган
хэлсэнийх төлөө С.Наранбаатарт бид баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлэх
учиртай.  

Дөрөв таван жил энэ байгууллагыг удирдахдаа Улсын
бүртгэлд бүртгүүлээгүй. Сэтгүүлчдэд төмөр тэмдэг тарааж, тарааснаа их
ажил хийчихсэн мэт ярьдаг. Эрх баригчдын гар хөл болж сэтгүүлчдийг
элдэвт барьдаг хэрнээ нийгэмд тахал дэгдээх хог хаягдлыг тарьж ургуулсан
гэмтэн нь сэтгүүлчид гэж баалдаг нэгнийг нөгөөгөөр нь солилоо. Тэглээ
гээд шинэчлэл хийчихлээ, бид шинэчлэгдэж байна гэвэл ёстой лөөлөө. Ийм л
ичмээр дамшгууд.

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж