Арванхоёрдугаар сарын 10 олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдөрт зориулан өнгөрөгч бямба гаригт Ардчилсан намынхан ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж яваад бусдын гарт амиа алдсан журмын нөхөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөн билээ. Харин Х.Тэмүүжин гишүүн хувиасаа Д.Зоригт сайд, Э.Мөнх-Очир гишүүн нараар дамжуулан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд тусгайлан Хүний эрхийн өдрийн мэнд хүргэсэн байна лаа. Твиттертээ.
Өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ний үймээний улмаас дөрвөн хүн цагдаагийн суманд оногдож, зургаан хүн хүнд хөнгөн шархдаж, нэг хүн МАХН-ын төв байранд гавлаатай угаартаж нас барсан билээ. Монголын ард түмнийг нийтээр нь айдас хүйдэст автуулсан энэ эмгэнэлт явдлын ул мөр одоо хэр нь арилаагүй, хохирогчдын сэтгэлийн шарх аниагүй байгаа. Монголын төр амиа алдсан таван иргэнийхээ нөхөн төлбөрт тус бүр 50 сая төгрөгийг гэр бүлд нь өгсөн ч энэ гэмт хэргийн эзэн холбогдогчид хараахан хариуцлага хүлээгээгүй байна. Гэвч галт зэвсэг хэрэглэн хүний амь хохироосон хэрэгт цагдаагийнхан холбоотой, хэрэг явдал Ерөнхийлөгч онц байдал зарласны дараа цагдаагийнхан үүрэг гүйцэтгэж байсан маршрутын дагуу гарсан нь нэгэнт нотлогдож, буудсан цагдаа нарын хэрэг ч дахин шалгагдаж, прокурорын хяналтад шилжээд байгаа аж.
Хэргийг шалгах явцад галт зэвсэг хэрэглэсэн, хүний амь нас хөнөөсөн хэрэгт цагдаагийнхан холбоотой болохыг нотолсон цөөнгүй баримт материал олдоод байгаа гэнэ. Тэр ч байтугай гэмт үйлдлээ нуун далдлах, үймээний үеэр буудсан бууныхаа цохилуур, замгийг өөрчилөхийн тулд эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн подвальд 3 мерт гүн нүх ухаж, том труба суулгаж байгаа дотор нь буудаж шалгасан, энэ хэрэгт нь 5-6 цагдаа оролцсон тухай материал олджээ.
Тиймээс нэгэнт гар хоосон иргэд руу буу шагайсан, шагайхаар барахгүй араас нь хөөж буудсан, амь насыг нь хөнөөсөн хэрэг цагдаагийнхантай холбоотой болох нь нэгэнт тодорхой болсон энэ үед нэгдүгээрт, төрийн нэрээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчдын өмнөөс Монголын төр иргэдээсээ уучлал гуйх зүйтэй гэж үзэж, хоёрдугаарт, долдугаар сарын долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор өнгөрөгч 2010 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос гаргасан “Хууль, шүүхийн байгууллагуудыг шинэчлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлаар тавих хяналтыг сайжруулах тухай зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороноос “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг боловсруулж, УИХ-аар батлуулахаар өнгөрөгч баасан гаригт нэгдсэн чуулганаар хэлэлцүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, амиа алдсан таван иргэний ар гэрээс уучлал гуйх асуудал бол тогтоолын төслийн зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс гадна долдугаар сарын 1-ний хэргээс сургамж авч шүүх хуулийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх, ажилтнуудыг давтан сургах, хүний эрхийн боловсрол олгох, хуулийн байгууллагууд дээр гарч байгаа хүний эрхийн зөрчлийг багасгах, цагдагийн байгууллагын ажлын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, дотоод хяналтыг сайжруулах гэх мэт нэлээд өргөн хүрээний асуудал Хүний эрхийн дэд хорооноос гаргасан зөвлөмж болон Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан УИХ-ын тогтоолын төсөлд багтсан байгаа.
Харамсалтай нь уг тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл болон хүний эрхийн асуудлууд руу огтхон ч анхаарал хандуулсангүй. Харин “Хүн буудсан этгээд нь цагдаа гэдгийг хэн нотолсон юм бэ, шүүх шийдвэрээ гаргаагүй байхад бид яахаараа тэдний өмнөөс уучлал гуйдаг юм”, “Буудсан цагдаа нь хариуцлагаа хүлээдэг юм байгаа биз, бмд яахаараа уучлал гуйдаг юм. Тэгэх эрх зүйн үндэслэл ч байхгүй” гэх зэргээр маргаж, тогтоолын төслийг хэлэлцэхгүй хэмээн асуудлыг бүхэлд нь унагасан юм. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, сайд Д.Зоригт нар тогтоолын төслийг танилцуулсан Х.Тэмүүжин гишүүнтэй “Дуртайгаараа чи өөрөө гараад уучлал гуйхгүй юу” хэмээн хэрэлдэж, хоёр намын гишүүд талцан хэрэлдэцгээсэн. Энэ хэрүүлийн улмаас үдээс хойш Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган ч хуралдаагүй юм.
Уг нь Хүний эрхийн дэд хорооноос гаргасан зөвлөмжийг УИХ-ын тогтоол болгон гаргах, Монголын төр иргэдээсээ уучлал гуйх асуудлыг шийдвэрлэхийн тулд Хууль зүйн байнгын хороо болон УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр гэж өнгөрсөн жил гаруйн хугацаанд нэлээд ажил болсон аж. Хэдийгээр онц байдал зарласан байсан ч гэлээ төрийн нэрээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийнхан гар хоосон иргэд рүү буу шйгайсан, тэр ч байтугай тавын таван хүний амь хөнөөсөн нь Монголын төр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс болсон хэрэг хэмээн үзэж, уучлал гуйх тухай асуудал нэлээд эртнээс яригдаж эхэлсэн ч чухам хэн уучлал гуйх вэ гэдэг дээр багагүй маргаан үүссэн байна. Цагдаагийн байгууллага Засгийн газарт харьяалагддаг гэдэг утгаараа Засгийн газар уучлал гуйх ёстой боловч тухайн үед ажиллаж байсан Засгийн газар, Хууль зүйн сайд нар өөрчлөгдчихсөн байдаг, одоогийн Засгийн газар уучлал гуйлаа гэхэд энэ хэргийн бурууг эрх барьж байгаа намын дарга нь сайн дураараа өөр дээрээ авсан хэрэг болчих гээд, сонгууль дөхөж байгаа энэ үед эгзэгтэй байдал үүссэн аж. УИХ ч мөн ялгаагүй.
Тиймээс энэ асуудлыг улс төржсөн янз бүрийн маргаан мэтгэлцээн болгож, намаар нь талцуулахүйн тулд уучлал гуйх үүргийг Ерөнхийлөгчид үүрүүлж, Монголын төрийн нэрийн өмнөөс ард иргэдээсээ уучлал гуйхаар уг тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ талаараа ч Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчтэй санал солилцож, дэмжлэг авсан байна. Энэ нэгдүгээрт өнгөрсөн явдлаас авсан хохирогч нарын сэтгэлийн шархыг аниулаад зогсохгүй дараачийн удаа Монголын төр иргэдийнхээ аюулгүй байдлыг харж хамгаалахын баталгаа болох ёстой байв. Улс орны эв нэгдлийн билэгдэл, баталгаа болохын хувьд Ерөнхийлөгч энэ үүргийг өөр дээрээ авсан хэрэг.
Гэвч жил гаруй үргэлжилсан энэ ажлын үр дүн харамсалтай нь гарсангүй. МАН-ын бүлэг уг асуудлыг унагаад зогсохгүй галыг өөр дээрээ авчихлаа. Хэдийгээр тус намын гишүүд уучлал гуйх асуудлыг намын бүлгээрээ хэлэлцээгүй, хэлэлцэх ч шаардлагагүй гэж хэлсэн боловч уг асуудлаар санал хураахад тус намаас ердөө таван гишүүн дэмжиж, бусад нь эсрэг санал өгснөөс үзэхэд энэ нь хувь гишүүдийн гэхээсээ намын бүлгийн байр суурь гэж харагдахаар байгаа юм.
“Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад санал хураалтад оролцсон 39 гишүүний 15 нь дэмжиж, 24 нь эсэргүүцсэн юм. Дэмжсэн 15 гишүүний 10 нь Ардчилсан намынх, харин эсрэг санал өгсөн 24 гишүүний хоёроос бусад нь МАН-ын бүлгийнх байсан. Гэвч УИХ-ын гишүүн З.Энхболд уг санал хураалтыг хүчингүйд тооцуулахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр дахин асуудал оруулна гэдгээ мэдэгдлээ. Учир нь эсрэг санал өгсөн 24 гишүүний 11 чуулганы танхимд байгаагүй, тэдний өмнөөс танхимд суусан 13 гишүүн давхар санал өгсөн байна. Энэ мэдээллийг хуралдаан зохион байгуулагчдаар давхар нотлуулж, баримтжуулж авсан З.Энхболд гишүүн УИХ-ын дээрх тогтоолыг нэгдсэн чуулганаар дахин хэлэлцүүлнэ гэсэн.
Харин Х.Тэмүүжин гишүүний хувьд хүн буудсан цагдаагийнхны хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын байгууллагынхан болон хохирогч нартай уулзсаны дараа хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Гэхдээ энэ долоо хоногт багтааж. Тэгэхээр долдугаар сарын 1-ний хэргээс үүдсэн бас нэг “гал” Монголын улс төрд дахин авалцах нь бололтой.
Санал хураалтын дүнг танилцуулъя /Чуулганд суугаагүй гишүүдийг /-/ тэмдгээр тэмдэглэсэн болно/.