Н.Түвшинбаяр тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр тавдугаар байрт шалгарлаа

Токиогийн “Их дуулга”-ын сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаанууд болж, Монголын таван бөх дэвжээнд гарсан ч олимпийн аварга Н.Түвшинбаяр л медалийн төлөө барилдав. -100 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр эхний тойрогт Камеруны Муссима Эваныг, дараагийн даваанд олимп, дэлхийн медальт, Израилийн Ариэл Зеевиг тус тус юүко үнэлгээгээр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Такамаса Анаид вазари үнэлгээгээр илүүрхэж явсан ч цэвэр хожигдсон. Ийнхүү тэрбээр чансаандаа 60 оноо нэмлээ. Мөн энэ жинд барилдсан Б.Тэмүүлэн БНСУ-ын Ким Кён-Тэд хоёр минут, 17 секундэд цэвэр ялагдсан бол +100 кг-д Б.Төгөлдөр Голландын Луук Вербид вазари, юүко үнэлгээ алдан хожигдов.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Наранжаргал Европын АШТ-ий гурван мөнгөн медальт испани бөх Сесилья Бланкод вазари үнэлгээгээр, -78 кг-д П.Лхамдэгд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Рүика Сатод мөн вазаригаар ялагдсан байна.

Ийнхүү Токиогийн “Их дуулга”-д 16-уулаа оролцсон монгол жүдочдоос гурав нь медалийн төлөө барилдаж, дэлхийн аварга Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медаль хүртлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж