Одоогоос 500 өдөр буюу жил дөрвөн сарын өмнө БСШУЯ болон “Оюу толгой” ХХК мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. “Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил нь амьдрал дээр хэрэгжиж, олон амжилт гаргасан учраас энэ өдрийг тэмдэглэж байгааг” зохион байгуулагчид онцолж байсан. Энэ удаагийн тайланг танилцуулах 500 өдрийн арга хэмжээнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд “500 өдөр” арга хэмжээг нээж үг хэлсэн Ч.Ганболд хэлсэн үгэндээ “Өнөөдрийн зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нэг санамж бичгийг зурсны 500 өдрийг тэмдэглэх нь яагаад тийм чухал юм гэж хүн асуух байх. Энэ хугацаанд тодорхой зүйлүүдийг хийсэн учраас олон түмэнд энэ тухай мэдээлэл хүргэх, үнэн бодитоор ойлгох хэрэгцээ байгаа учраас бид энэ арга хэмжээг хийж байна. Харилцан ойлголцлын санамж бичиг маань гурван том асуудлыг хөндсөн. Мэргэжлийн сургууль, боловсролын байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх, тэдний сургалтын хөтөлбөрийг улам чанаржуулах, сайжруулахад дэлхийн төвшинд хүргэхэд анхаарах хэрэгтэй. Мөн чадвартай оюутнууд чанартай боловсрол эзэмшихээр гадаадын томоохон сургуульд тэтгэлэгтэй суралцах, эх орондоо мэргэжил эзэмших нөхцөл бололцоог хангах зэрэг асуудлуудыг хамарсан санамж бичиг юм. Миний бодлоор энэ санамж бичиг хамгийн чухал нь тусгай боловсролтой мэргэжилтэн бэлтгэх. “Оюу толгой” шиг дэлхийн хэмжээний томоохон компанид мэдээж сайн боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна. Тиймээс бүх шатны байгууллагатай хамтрах нь хамтын ажиллагааны хүрээнд шийдэгдэж байна. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрийн өмнөөс энэхүү санамж бичгийг үзэглэсэн та бүхэнд баярлалаа” гэдгийг хэлмээр байна гэлээ.
“Оюутолгой” компанийн санхүүжилтээр 42 МСҮТ-д 3300 гаруй монгол хүн 18 ажил мэргэжлээр суралцаж байгаагаас 520 гаруй нь уул уурхайн чиглэлээр суралцдаг юм байна. Цаашид тус компани мэргэжлийн боловсролын салбарт 110 тэрбум төгрөг төсөвлөн ажиллаж байгаа аж. “3300” хөтөлбөрийн анхны төгсөгч Дорнод аймаг дахь Техник технологийн сургуулийн уул уурхай баяжуулалтын оператор Ц.Мөнхбаяр нийт суралцагчидтай сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “Би МСҮТ-д суралцахдаа өөрийгөө зууны бүтээн байгуулагч “Оюу толгой” ХХК-д ажилд орно гэж бодоогүй явсан. Гэтэл одоо би энэ бүтээн байгуулалтад гар бие оролцон 15 мянга гаруй залуустай мөр зэрэгцэн ажиллах гэж байгаадаа баяртай байна. Тус компаний үндсэн ажилтан болно гэдэг мөрөөдөл байсан ч би одоо мөрөөдөлдөө хүрэхэд хэдхэн алхам үлдсэн байгаад баяртай байна. Монголын нийт залуус бидэнтэй нэгдэн зууны манлай бүтээн байгуулалтад нэгдэж хамтдаа ажиллахыг уриалж байна” гэж хэлсэн. Түүний хэлсэнчлэн зууны бүтээн байгуулалтад гар бие оролцохоор жил бүр 3300 мэргэжилтэн бэлтгэхээр болж эхний 3300 төгсч, 90 хувь нь ажлын байраар хангагджээ. Мөн дараагийн 3300 нь одоогоос нэг сарын өмнө төгсч, 45 хувь нь ажлын байртай болсон гэж байлаа. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд 2010-2011 оны хугацаанд 1000 суралцагч 10 мэргэжлээр, 2300 суралцагч 22 мэргэжлээр, нийт 54 МСҮТ-д суралцан төгсөөд байгаа юм. Цаашид 2011-2012 оны хичээлийн жилд 47 МСҮТ-д 39 мэргэжлээр 3300 “Оюутолгой” ХХК болон бусад хэрэгцээтэй салбарын мэргэжлээр суралцан төгсөхөөр бүртгүүлээд байгаа юм байна. МСҮТ-д суралцаж байгаа оюутнууд мэргэжилтэй болохоос гадна 200 долларын тэтгэлэг авч, суралцдаг юм байна. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтын системд өөрчлөлт хийх үүднээс УИХ-ын 2009 оны гуравдугаар сард хууль батласан. Үүний дагуу “Оюутолгой” компани төсөл хэрэгжүүлж эхэлжээ. “Оюутолгой”-н төслөөр жил болгон 3300 иргэнийг суралцуулахаас гадна “Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн сургалт хөтөлбөрүүдийг боловсруулаад сургалтад ашиглаж байна. Мөн тус компаниас таван тэрбум төгрөгийн мэргэжлийн сургалтын тоног төхөөрөмж авчран нийлүүлсэн. Сурч байгаа иргэдэд сургалтын тэтгэлэг, унаа хоолны мөнгө, сургууль бүхэнд сургалтын орчинг сайжруулах санхүүжилт өгдөг. Ингэснээр сурах орчин, сургалтын арга барил, багш нарын чадвар сайжирч байна. Төгсөгчид ажлын байранд очоод өндөр ур чадвартай гэж үнэлэгдэж байгаа нь иргэдийг манай сургууль руу элсэх хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлдэгээрээ онцлог” гэв.
Зөвхөн мэргэжилтэн бэлтгэхээс гадна сургалтын орчин сайжруулах, тэдэнд шаардлагатай тоног төхөөрөмж, сургалт явуулахад нэн шаардлагатай 1,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 30 ширхэг тоног төхөөрөмжийг 25 Мэргэжил сургалтын төвд өгч сургалтын дадлагын явцыг илүү хүртээмжтэй болгохоор 450 сая төгрөгийн сурах бичиг зэргийг тарааж, мэргэжлийн чадвартай боловсон хүчин бэлтгэхдээ анхаарч, тэднийг ажлын байраар хангахаар ажиллаж байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. 500 өдрийн тайланг танилцуулсны дараа Эрдэнэт хотын МСҮТ-д 800 мянган долларын тоног төхөөрөмж гардуулж, тус сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсанаар “500 өдөр” арга хэмжээ өндөрлөсөн юм.