Ерөнхийлөгч Хятад улсын зарим түүх, соёлын өв сантай танилцав

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Хятад улсын зарим түүх, соёлын өв сантай танилцав

БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар Хятад улсын зарим түүх, соёлын өвийг үзэж танилцав.
Зөвхөн Хятад улсын төдийгүй, манай улсын түүхтэй холбоотой соёлын чухал нэгэн өв Бээжингийн алдарт “Цагаан үүл” сүмд хадгалагдаж байдаг. “Цагаан үүл” нь Дорно дахины шашны томоохон урсгал болох Төгөлдөр үнэн- бумбын шашны сүм юм. Энд, Чингис хаанаас Манжийн хаанд явуулж байсан зарлигийн эх хувь хадгалагдаж байна. Бумбын шашин хүчтэй дэлгэрч, олон хүн энэ шашинд орох болсон тул Чингис хаан, гэгээнтэн Чанчун Бумбыг монголд ирэхийг урьжээ. Чанчин бумба Монголын тал нутгийг хөндлөн гулд явж, Чингис хаантай уулзсан байна. Түүхийн энэ үйл явдлын гэрч болох хөлгөн судрыг эрдэмтэд хожим нь олж авсан бөгөөд, одоо судалгаа хийгдэж байгаа тухай МУИС-ийн багш, Бээжингийн Их сургуулийн докторант, хятад судлаач Ц.Ганбаатар танилцуулаа.
Мөн энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын Дүрслэх Урлагийн музей үзэж сонирхлоо.
Хятадын Дүрслэх Урлагийн музей нь орчин үеийн урчуудын уран бүтээл, тэдгээрийн судалгаа, үзэсгэлэнг гаргах зориулалттай байгуулагджээ.
Музей нь нийт 17 үзмэрийн танхимтай, 100,000 гаруй уран бүтээл байдгаас дийлэнх нь шинэ Хятад улс байгууллагдсанаас хойшхи үеийн бүтээлүүд юм. Хятадын орчин үеийн уран бүтээлч, зураачид болох Рэнь Бонень, У Чаншуо, Хуан Биньхун, Ци Байшы, Сю Бэйхун нарын бүтээлүүд уг музейд байдаг. Түүнчлэн 1999 оны Германы Петер Людвигийн 117 уран зураг, алдарт зураач Пикассогийн тосон будгийн зургууд ч хүртэл байдаг ажээ.
Хятадын Засгийн газар, Соёлын яамнаас тус музейг тэтгэж дэмжихэд шууд дэмжлэгүүдийг үзүүлдэг байна. Тухайлбал, Хятадын засгийн газраас тусгайлан ховор, үнэтэй бүтээлийн санг байгуулж, зарим нэг үнэтэй бүтээлчдийн уран бүтээлийг хандивлах ажлыг зохион байгуулжээ.
Ерөнхийлөгч мөн Хятадын алдарт зураач Лю Давэйг хүлээн авч уулзлаа. Өвөрмонголд амьдарч байсан, одоо БНХАУ-ын зураачдын эвлэлийн дарга энэ хүн монгол ахуйг голчлон зурдаг. Түүний бүтээлүүд Монгол нүүдэлчин амьдралын хэв маяг, монголын өв уламжлалыг сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэдэг, хятад даяар төдийгүй дэлхий дахинд алдартай юм байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах алба мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж