Нийслэл манантаж, нислэгүүд хоёр өдөр саатлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Нийслэл манантаж, нислэгүүд хоёр өдөр саатлаа

Нийслэл өнгөрсөн бямба гаригаас эхлэн  манантаж үзэгдэх орчин хязгаарлалттай болсон билээ. Үүнээс болоод орон нутгийн болон олон улсын нислэгүүд, авто замын хөдөлгөөн саатаж тээврийн хэрэгслүүд аваарын дохиогоо ажиллуулан хөдөлгөөнд оролцож байлаа. Ням гаригийн 07.00 цагт манан арилаагүй байсан бөгөөд оройн 23.00 цаг хүртэл манан арилахгүй гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Хэрэв салхи гарч, дулаарвал манан арилах боломжтой гэнэ.

Мананд агаарын бохирдол нөлөөлж байна

Манан бямба гаригийн өглөөнөөс эхлэн үүссэн бөгөөд өчигдрийн байдлаар Туул гол, Тэрэлж, Зуун модны ойролцоо манан ихтэй байгаа гэв. Цаашид цаг агаар дулаарах эсвэл, салхи гарвал манан арилах боломжтой юм байна. Ус цаг уурын хүрээлэнгээс тодруулахад “Нүүлт буюу цацрагийн манан гэж байдаг. Энэ нь нуур дагаж үүсдэг манан юм. Одоогоор дахин нягтлан судалж байна. Өмнө нь Увс, Хөвсгөл зэрэг баруун аймгийн нутгаар манантдаг байсан. Нүүлт буюу цацрагийн манан нь нуур дагаж үүсэх бөгөөд салхи, нарны дулаанаас хөөрөөд алга болчихдог байгалийн үзэгдэл юм. Нийслэлд өмнө нь үзэгдэх орчин хязгаарлахаар манантаж байгаагүй. Манангаас гадна нүүрс ихээр  түлдэг болохоор дээрээс нь агаарын бохирдол буюу утаа бас нөлөөлж байна. Өнгөрсөн бямба гаригийн орой гэхэд хоёр метрийн зайдах зүйл харагдахгүй болсон. Одоогоор манан хэдийд арилах хугацааг тодорхойлох боломжгүй. Зөвхөн нийслэл орчимд манантаж байгаа тул өнөөдөр /өчигдөр буюу ням гариг/ орой дахин манантаж үзэгдэх орчин хязгаарлагдах тул иргэд анхаарах хэрэгтэй байна. Салхилж, нар гарч дулаарвал манан хөөрөөд алга болно” гэлээ.

Зам тээврийн ослоор 19 хүн гэмтэж, нэг хүн нас барчээ

Өнгөрсөн бямба гаригт Замын цагдаагийн газарт нийт 118 автомашины ослын дуудлага ирж, 19 хүн гэмтэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаснаас нэг хүн нас барчээ.  Үүнээс 74 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 32 жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй байна. Манангаас болж зам тээврийн осол нэмэгдээгүй бөгөөд бусад өдрүүдэд ирдэг шиг ослын дуудлага дундаж ирсэн гэнэ. Сүүлийн үед зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах нь ихэсчээ. Цаг агаарын манангаас болж тээврийн хэрэгсэл жолоодохдоо сонор сэрэмжтэй байж, халтиргаа гулгаанаас сэргийлэхийг жолооч нарт Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Орон нутгийн нислэг үйлдэж, газардах нислэгүүд саатаад байгаа гэв

Өтгөн манан бууж, цаг агаарын нөхцөл байдал муудсаны улмаас агаарын нислэгүүд буюу орон нутгийн олон нислэгүүд саатаад байсан.  Улаанбаатараас хөөрөх орон нутгийн болон зарим  нислэгүүд өчигдрийн 15.20 цагаас эхлэн хөөрч эхэлсэн байна.  Улаанбаатарт газардах бүх нислэгүүдийг бямба гаригаас  эхлэн  цуцалсан байсан юм. Тухайлбал бямба гаригт нисэх хуваарьтай байсан Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн  ОМ-223 онгоц  16.00 цагийн орчимд “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлаас хөөрсөн бол Бээжинд саатаад байгаа.  Бээжин-Улаанбаатар, Сингапур-Улаанбаатарын онгоцонд нислэг үйлдэх зөвшөөрөл өгсөн ч дугаар шилжих мөчид онгоц наашаа хөөрөөгүй байлаа. Бээжинд арав гаруй цаг саатаад буй Сингапур-Улаанбаатарын чиглэлийн онгоцны зорчигчдын хэлснээр, уржигдар шөнө /бямба гариг/ 00.30 цагт Улаанбаатарт газардах ёстой байсан уг онгоцны зорчигчдыг ням гаригийн өглөөний 11.00 цаг хүртэл онгоцноос буулгаагүй гэнэ. Ингээд 11 цаг өнгөрч байх үед зорчигчдын шаардлагаар онгоцноос буулгасан ч транзит зааланд бус тусдаа жижиг зааланд түр хугацаанд бөөнөөр нь байрлуулжээ. Нийт 230 гаруй зорчигч уг онгоцонд зорчиж яваа бол зорчигчдын дунд цөөнгүй хүүхэд байгаа ажээ.  Нислэгүүдийг хэрхэн үйлдэж байгаа талаар Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын нислэг зохицуулах инженертэй холбогдоход “Будан бууж өтгөрөөд манантаж, дээрээс нь утаа нэмэрлэснээс өчигдөрийн /бямба гаригийн/ 22.40 цагаас эхлэн манантсан. Өнөөдрийн буюу ням гаригийн бүх Улаанбаатараас хөөрөх нислэгүүд цуцлагдсан байсан орон нутгийн нислэгүүдийг 15.20 цагаас эхлэн хөөрч эхэлсэн. Эндээс хөөрөх нь гайгүй харин буух нь л хэцүү байна. Одоогоор /15.20 цаг/ найман нислэг агаар аваад /зөвшөөрөл аваад буух эсэхээ онгоцны жолооч өөрөө шийддэг/ байна. Хамгийн сүүлийн нислэг Korean air lines-ийн онгоц зөвшөөрөл авсан ч бууж чадахгүй байна” гэлээ. Мөн оройн 23.00 цаг хүртэл манан арилахгүй учраас Буянт-Ухаа нисэх буудалд газардах нислэгүүд хойшлоод байна гэлээ. Цага гаарын нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг ажиглаад дараа дараагийн газардах нислэгүүдийг зохицуулж байна гэлээ.

Ш.Оюунчимэг

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж