”Зөвшилцлөөр л Сонгуулийн хуулийг батална”

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

”Зөвшилцлөөр л Сонгуулийн хуулийг батална”

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Намын бүлгүүд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр санал зөрөлдсөнөөс эл хууль гацаанд орлоо. Хоног хугацаа яваад байдаг, энэ сарын 26 –наас урьтаж энэ хуулийг  батлах найдвар байна уу?

-Манай намын бүлэг өнөөдөр /өнгөрсөн пүрэв гариг/ хуралдаад саналаа гаргаад өгчихсөн. УИХ дахь хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр өдрийн турш  ажиллалаа. Гол нь УИХ дахь Ард­чил­сан намын бүлгээс л санал гаргаад байна л даа.

-АН-ын бүлгээс ямар санал тавьсан гэж?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гол санаа бол намынхаа рейтинг, намынхаа нэр хүндээр авсан 28 -аас 10 суудал авсан бол үлдсэнийгээ 48-руу гулсуулъя гэж байгаа юм. Манай бүлгийн санал бол арай өөр. Намын нэр хүндээр олж авсан 28 суудал дээр нам өөрийнхөө бодлогоор хүнээ тавъя, мөн дээрээс нь 48-аар нэр дэвшээд сонгогчдоос өндөр санал авсан ч хоёроор, гурваар үлдчихсэн хүмүүсээ сөөлжүүлээд 28-ынх нь суудал дээр суулгая гэсэн. Гэхдээ энэ тохиолдолд хэтэрхий бага хувьтай хүмүүс орж ирэх магадлал өндөр байсан. Тийм учраас 48 можаритор дээр өрсөлдсөн нэр дэвшигчийг 45 хувиас дээш босго алхсан нөхцөлд  28 руу гулсуулъя гэсэн. Уг нь  Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг “Энэ саналыг хүлээж авч болох юм байна, 45 хувь өндөр байна, 30 болгоё” гэсэн байсан.  Тэгэхээр нь манай бүлэг сана­лыг нь яриад “30-аар босго тавъя” гээд саналаа өгсөн. Тэгсэн болохгүй байна л гэх юм. Байдал ийм л байна. Хоёр ажлын хэсэг хуралдаж таарах байх.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүний яриагаар бол УИХ-д удаа дараа сонгогдсон МАН-ын гишүүд янз бүрийн шалгуур,  босго гар­гаж ирээд түүнээс болоод УИХ-ын Сонгуулийн тухай хууль гацаад байна гэх юм. 48-аас 28 руу гулсуулах тохиолдолд парламентад олон жил болсныг нь харгалзаж үзнэ ч гэх шиг, танайх ийм шалгуур, босго тавиад байгаа юм уу?

-Босго дээр тийм шалгуур байхгүй,  харин нам өөрөө чухал гэсэн хүмүүсээ оруулж ирнэ гэдэг дотор, хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон, нэр хүндтэй, нам төрдөө олон жил зүтгэсэн хүмүүсээ мэдээж  санал болгоно л доо. Тэр утгаараа бол ийм шалгуурууд бий.

-Гэхдээ танай бүлгийн санал пропорцианаль тогтолцоог үнд­сэн­дээ улам л хумиад байгаа юм биш үү. Можаритороор үзэлцээд унасан хүмүүсээ пропор­цианаль руу намын шалгуураар тавина гэдэг тийм л зүйл рүү явж байна шүү дээ?

-Шууд тэгж ойлгож бас болохгүй л дээ. Ер нь бидэнд бас түүх бий. 1990 онд анхны ардчилсан сонгууль болж 430 депутат сонгогдоод Ардын их хурлыг байгуулсан. Тэндээсээ Улсын бага хурал гэж байнгын ажиллагаатай өнөөгийн парламентын суурийг анхлан тавьж байлаа. Тэр Улсын бага хурлыг бүрдүүлэх 53 мандатыг улстөрийн намууд ард түмнээс хэдэн хувийн санал авсан байна тэрүүгээрээ пропорцианаль хийгээд намууд нь хурлаа хийгээд хүмүүсээ суулгаад явж байсан сонгомол пропорцианаль байсан уу гэвэл байсан. Тэгэхээр одоо бол юм хөгжиж байна, хувьсаж байна, бас шүүмжилж л  байна. Хаалгаар гараад явчихсан, тооноор ороод ирлээ гэдэг ч юм уу.  Шороотой бөх туг тойрч дэвж байна гэдэг ч юм уу ийм шүүмжлэл байна. Тийм учраас улс төрийн эрх барьж байгаа хоёр нам УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөвшилцөл дээр л батлахаас биш бяраа үзэж аль нэг нь нөгөөгөө давж байж, гараас гаргана гэдэг юм байхгүй. Нэг ёсны зөвшилцлөөр л энэ хууль гарна.  Маш их хүлээлт ч үүсгэлээ.  Чухам хуулийг баталсан хойно нийгэм хүлээж авах уу, үгүй юу эргэлзээтэй л байна.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг УИХ аас баталлаа ч Үндсэн хуулийн Цэц дээр очоод унаж магадгүй гэж та бодоод байна уу?

-Унагах үгүйг нь мэдэхгүй ямар ч байсан энэ хууль Үндсэн хуулийн Цэц дээр заавал очихоор юм билээ. Дээр нь парламентын гаднах улстөрийн хүчнүүдийн хийж буй мэдэгдэл, эсэргүүцлийг хараад байхад УИХ ын сонгуулийн тухай хуулийг баталлаа ч гэсэн Үндсэн хуультай нийцэх үү, үгүй юу гээд өргөн олны санаа бодол янз бүр байна шүү дээ. Нэгэнтээ энэ хууль  Үндсэн хуулийн Цэц дээр очлоо гэхэд яах вэ гэдэг нь энэ УИХ-ын асуудал биш болоод явчихаж байгаа юм л даа.

-Олон нийтийн дунд ид маргаан дагуулж буй сэдвээр асуултаа үргэлжлүүлье. Төсвийн хуультай хамтатган баталсан УИХ-ын тогтоолын хүрээнд Таван­толгойн хувьцаа, 2008 оны 1.5 сая төгрөгийн амлалт хоёр нэг болчихлоо. Уг нь амлалтаас гадна иргэд­дээ байгалийн баялгаас хувь хүртээе гээд Тавантолгойн тог­тоолыг УИХ-аас батлаагүй биш билүү. Яагаад амлалт, байга­лийн баялаг хоёр нэг болчихоо вэ?

-Засгийн газрын өргөн барьсан төслөөр УИХ Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг баталсан бол дөрөв, тавдугаар сараас эхэлж бараа,  бүтээгдэхүүний үнэ ханш өсөх байсан. Оныхоо сүүлч рүү инфляци бүр 20 хувиас давж 30 хувьд хүрэхээр төлөв харагдаж байсан. Ирэх хавар сонгуультай,  сонгуулийн дараа парламент  байгуул­дагдана. Дараа нь Засгийн газар байгуулагдана.  Энэ хооронд төрийн хараа хяналт зохицуулалт суларна шүү дээ. Иймэрхүү байдал үүсчихээд байсан. Гол нь бэлэн мөнгө өгснөөр ард түмний амьдрал дээшлэх биш, харин ч эсрэгээрээ инфляци хөөрөгдөх байсан. Нэг кг мах өнөөдөр 3000 төгрөг байсан бол ирэх жил 6000 төгрөгт хүрэх эрсдэлтэй байсан.  Ийм учраас нэлээд алсаа харсан, эдийн засгаа нураачихгүй байх төсөв батлах шаардлагатай болсон. Дээр нь Олон улсын валютын сангаас зөвлөмж өгсөн байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хүүхдийн паркын “галзуу хулгана” тоглоомоор жишээ авч зөвлөмж өгсөн байдаг. Огцом хурдтай уруудаж ирээд гэнэт хөөрөөд байдаг шүү дээ.  Аргаа бараад галзуу хулганаар жишээ авч зөвлөмж өгсөн болов уу. УИХ-төвшинд гарц ямар байсан бэ гэхээр амласан  1.5 саяынхаа ард гарах нь зүйтэй.  Амлалтаа бие­лүүлэхдээ эдийн засаг санхүүгээ унагачихгүй байх арга хэрэглэе гэж зорьсон. Энэ нь явсаар байгаад нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний 1072 хувьцаа байя. Хувьцаагаа мөнгө болгох хүсэлтэй иргэн бол түүнийгээ Засгийн газарт өгөөд нэг сая төгрөгөө авах. Энэ хооронд олон улсын хөрөнгийн  зах зээл дээр хоёр дахь үнэт цаасны зах зээл нээгдэх үед амьдрал нь боломжийн иргэдийн хувьд хувьцаагаа гаргаж, нэг сая төгрөгийн үнэтэй хувьцаагаа хоёр сая төгрөг  болгох боломжтой л гэж үзэж шийдвэрээ гаргасан.

-Гэхдээ ард түмний амьдрал ядуу байна. Ийм үед УИХ-аас гаргасан шийдвэр цаг үеэ олсон гэж үү?

-Ядуурал 40- өөд хувьтай байна. Хэрвээ тэр хувьцаа олдвол бушуухан шиг мөнгө болгоод өр зээлээ дарахын түүс болсон иргэд олон байна. Гэвч үүнээс өөр оновчтой арга олдоогүй. Ер нь ард түмнээ хуурсан гэхэд хаашаа юм, хамгийн боломжтой хувилбар энэ л байсан.  Тэгээд ч бүгдээрээ хувьцаа эзэмшээд, түүнээсээ ногдол ашиг аваад сайн сайхан амьдарна гэвэл угаасаа дэлхийд тийм жишиг байдаггүй. Бололцоотой нь хувьцаа худалдаж авдаг, боломжгүй нь түүнийгээ зар­даг. Хөрөнгийн зах зээл хөгжсөн түүхүүдийг харахад ийм л байгаа. Тийм болохоор боломж байвал хувьцаагаа дараачээ гэж л хэлэх байна. Яагаад гэвэл Тавантолгойн орд нүүрсний арвин их нөөцтэй. Дэлхийн хамгийн оновчтой түлш нь нүүрс болж байна. Тийм учраас эрэлт хэрэгцээ улам нэмэгдэнэ гэсэн үг.  
-УИХ-аас гаргасан шийд­­вэрээс болж ахмад настан, хөгж­лийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд “Эрдэнэс таван­толгой”-н хувьцаагүй болчихлоо. Нөгөө талаар иргэн бүрт 1072  ширхэг хувьцаа ногдоно гэсэн маань худлаа болж байна?

-Хүн бүхэнд яаж таалагдах вэ дээ.  Тэр олон ааш араншинтай хүнд тааруулж төр бодлого гаргана гэж угаасаа байхгүй. Нийтлэг түгээмэл  нийгмийн эрх ашиг бүлгийнхэнд л нийцэхээс биш.  Ер нь бид гурван жил ярьж байна. Цаашдаа бэлэн мөнгө амлах, өөрийнхөө эдийн засгийн боломжоос давсан улстөрийн амлалт амлахыг хаая гээд л аминдаа УИХ-ын Сонгуулийн тухай хуульдаа янз бүрийн заалт тусгаад явж байна.  Ард түмэн ч мэдэж байгаа, хоёр намын амлалт нэг сая төгрөг өгснөөс долоон дор үр дагавар дагуулсан. Улстөрчдийн хувьд ч зовлонгоо эдэлж байна.  Амласан 1.5 саяыгаа гүйцээх гэж арай ядан ард нь гарахаар зүтгэж байна.

-Ардчилсан намынхан “Бид 2008 оны сонгуульд мөнгө өгнө гэж ард түмэндээ амлаагүй, нэг сая төгрөгтэй дүйх  хувьцаа олгоно” гэж амласан. Энэ амлалтдаа хүр­лээ. Харин МАН-ынхан 1.5 сая төгрөгийг яах аргагүй бэлнээр амласан, түүнийх нь 500 мянга л биеллээ дээ” гэж ярьж байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Нарийн яривал улстөрийн хоёр нам ард түмэндээ адилхан л бэлэн юм өгөхөөр амласан.  Мөнгө , хувьцаа хоёр нарийндаа адилхан зүйл. Хамтарсан Засгийн газар байгуулаад ажилласан, иргэддээ хувьцаа, бэлэн мөнгө хоёрыг өгнө гэсэн. Түүндээ хүрэх гээд зориод явж байна. Үүнийг хэн нэгнийх нь хийсэн гавьяа гэж нялзаах хэрэгггүй.

-Ирэх сонгуульд эрх барьж буй хоёр нам иймэрхүү амлалт өгөхгүй байж чадах уу. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд мөнгө амлахыг хориг­лож байгаа л гэх. Гэхдээ мөнгөнөөс өөр зүйл амлах боломж нээлттэй байгаа юм биш үү?

-Ирэх оны сонгуульд улстөрийн шинэ нам гарч ирээд “Айл бүрт нэг өрөө байр” гэдэг юм гаргаад ирвэл хэцүү л юм билээ, парламент дахь хоёр улстөрийн хүчин юм амлахгүй байлаа гэхэд. Яагаад гэвэл шүүх дээр маргаан үүсэхэд “Наад нам чинь мөнгө амлаагүй материаллаг зүйл амласан” гэдэг юм гаргаад ирж болох талтай. Гол нь иймэрхүү юм битгий яваасай л гэж хүсэх байна. Энэ нь юуг харуулаад байна вэ гэхээр УИХ ын Сонгуулийн тухай хууль бүгдийг зохицуулж чадахгүй нь харагдаж байна гэсэн үг л дээ.

-Таныхаар яавал энэ мате­риал­лыг амлалтыг хаах бололцоо харагдаж байгаа вэ?

-Миний сүүлийн хоёр, гурван жил идэвхитэй ярьсан зүйл бол Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуультай болох тухай.  20 жилийн сургамж дээрээ тулгуурлахаар Монгол Улс  15-20 жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх алсын хараа, үндсэн чиглэлтэй байж, түүнийгээ  парламент нь баталдаг байх. Хэрэв эдийн засаг нийгмийг хөгжүүлэх таван жил тутмаар гаргадаг төлөвлөгөөтэй болчихвол  2017 онд уул уурхай нь ийм, хөдөө аж ахуй нь, боловсрол нь, эрүүл мэнд нь,  шинжлэх ухаан нь,  зам тээвэр нь ийм төвшинд хүрнэ гэсэн ерөнхий суурь гараад ирнэ. Ингэснээрээ Монголын ард түмний бодит орлого ингэж өснө гэсэн няг­талж тооцсон шинжлэх ухааны үндэстэй бодлого гараад ирэх юм. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо энэхүү төлөвлөгөөнд хашигддаг байх. Одоо бол ингэж хязгаарлах,  хаших юм байдаггүй. Тиймээс улс төрийн намууд ирэх жил дахиад л дөрвөн жилд Монгол орныг хэрхэн яаж хөгжүүлэх тухайгаа, ард түмний амьдралыг сайн сайхан болгох тухай баахан юм ярина. Амьдрал баян, гадаадын сонгуулийн практик түүхээс үзэж байгаад цоо шинэ юм гаргаж ирээд дахиад сонгогчдын толгойг эргүүлнэ.  Хэрвээ ирэх оны нэг, хоёрдугаар сард багтаагаад Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиа батлаад, Монгол Улсыг 2012-2017 он хүртэл хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө баталчихвал Улс төрийн намуудын тухай хуульд жижигхэн өөрчлөлт оруулаад “Улстөрийн на­мууд сонгуульд орохдоо УИХ-аар батлагдсан таван жилийн эдийн засаг, нийг­мийг хөгжүүлэх төлөвлөгөөний хү­рээнд багтааж мөрийн хөтөлбөрөө бо­лов­с­руулна” гэдэг заалт оруулчихвал эл­­дэв амлалт үгүй болох ёстой юм л даа.

Г.Нэргүй


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж