Ерөнхийлөгч, Монгол хятадын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, Монгол хятадын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд “Монгол -Хятадын бизнес форум” зохиогдлоо.
Хятадын олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн байранд болсон уг форумд монгол, хятадын томоохон компани, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон 200 гаруй бизнес эрхлэгч оролцов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг уулзалтыг нээж хэлэхдээ:
“…Дэлхийн үйлдвэрлэл, худалдаа, зах зээлийн чиглэл Азийн бүс нутаг руу зааж байгааг эрдэмтэд, судлаачид төдийгүй та бид өөрсдөө харж байна. Өнөөдөр БНХАУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн талаар бүгд ярьж, бичиж байна. Монгол Улс, БНХАУ-тай хөрш зэргэлдээ улсын хувьд энэ үсрэнгүй хөгжлийг бүрэн дүүрэн ашиглаж, эдийн засгаа хөгжүүлэх учиртай. Үүнийг хэрэгжүүлэх гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид Та бүхэн юм. Бид хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хүнд суртлыг арилгахын төлөө тууштай бодлого баримталж байгаа. Хоёр орны төр засгийн удирдлагууд, харилцаа хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар сайжруулахад үргэлж анхаарч идэвхтэй ажилласаар ирлээ. Манай улсын Засгийн газар энэ жил “ Бизнесийн орчинг сайжруулах жил” зарлаж, бизнесийн холбогдолтой хууль дүрмийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна…” гэлээ.
Хятад улсын хувьд 2009 он бэрхшээлтэй жил байсан ч, банк санхүүгийн зөв бодлогын үр дүнд хятадын эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалж чадсан, энэ эрчээ 2010 онд ч мөн хадгалах болно хэмээн хятадын ажил хэрэгч хүмүүс үг хэлэхдээ онцолж байлаа. Тэд, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой, мөн чөлөөт худалдааны бүс нутгийн асуудлыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байлаа.
Хоёр орны ажил хэрэгч хүмүүсийн уулзалтанд Монгол Улсын талаас, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамдын төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулга хийв.
Уулзалтын дараа бизнес эрхлэгчид харилцан ярилцаж, санал солилцлоо.
Хятад Улс бол манай орны томоохон хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд, өнгөрсөн оны эцсийн байдлаар БНХАУ-ын 2.3 тэрбум долларын хөрөнгө оруулалттай 4927 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байдаг юм байна. Өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт 1.92 тэрбум долларт хүрсний 1.39 тэрбум ам.доллар нь экспорт, 531.6 сая ам.доллар нь импорт юм байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах алба мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж