Өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуулийг шударга бус болсныг эсэргүүцсэн Оросын 80 гаруй мянган иргэн өчигдөр Москва хотод жагсчээ. Шударга, чөлөөт сонгууль явуулахыг шаардсан 16,000 гаруй хүн өчигдрийн жагсаалд оролцохоор “Facebook”-ээр нэгдсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Москвагийн “Болотная” талбайд өчигдөр жагссан хүмүүсийн тоог 25,000-д хүрсэн гэж цагдаа нар мэдээлж байгаа ч жагсаал зохион байгуулагчид 80,000 орчим хүн нэгдсэн хэмээн мэдээлж байна. Москва хотод өвлийн ид хүйтэн эхэлсэн ч жагсагчдад цаг агаар ч саад болсонгүй.
Өнгөрсөн ням гаригт буюу арванхоёрдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуулиар В.Путины Нэгдмэл Орос нам өмнөх сонгуулийнх шиг үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй ч Төрийн Думын олонхийн суудал эзлэх болсон билээ. Төрийн Думын сонгуулийн өмнө В.Путины хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласантай холбоотой хэргүүд шуугиан дэгдээж, иргэдийн дунд түүний нэр хүнд унасан гэхэд болно.
Дахин сонгууль явуулахыг шаардаж, жагссан хэдэн арван мянган хүний нэг болох хуульч Алексей өмнө нь ямар ч жагсаал хөдөлгөөнд оролцож байгаагүй нэгэн аж. Тэрбээр “Би улстөрч биш. Оросын жирийн нэг иргэн. Сонгуулийн дүн гарсны дараа найзууд, хамт ажилладаг хүмүүсээсээ хэний төлөө саналаа өгсөн бэ гэж асуусан. Тэдний хэн нь ч “Нэгдмэл Орос” намын төлөө санал өгөөгүй гэсэн юм. Хэн ч санал өгөөгүй байхад тэр нам яаж сонгуульд ялалт байгуулсан нь хачирхалтай санагдаж байна” хэмээн ярьжээ. Оросын зохиолч Дмитрий Глуховский өөрийнх нь санал улс орных нь хувь заяаг өөрчлөхөд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж анх удаа сонгуульд санал өгчээ. Тэрбээр “Харамсалтай нь, миний саналыг хулгайлчихлаа” гэж энэ сонгуулийн талаар байр сууриа илэрхийлсэн байв. Өөр нэгэн сонгогчоос “Та нар дахин сонгууль явуулахаас өөр юу шаардаж байгаа вэ” гэж асуухад “Бид хувьсгал хийхийг хүсээгүй. Шударга чөлөөтэй сонгууль явуулахыг л шаардаж байна” гэсэн юм. Дахин сонгууль явуулахыг шаардсан хөдөлгөөн Москва, Санкт-Петрбург хотоос гадна өөр хэд хэдэн хотод өрнөжээ. Орос оронд өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнд Арабын ертөнцийг доргиосон хувьсгалын шуурга дэгдэхэд нөлөөлсөн олон нийтийн сүлжээ чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж. Эсэргүүцлийн хөдөлгөөний зохион байгуулагчдын хэлснээр интернэт, “Facebook” гэж байгаагүй бол өндөр боловсролтой, нийгмийн дундаж давхаргын янз бүрийн хүмүүсийг улс төрийн шинэчлэлийн төлөө гадаа хүйтэнд зогсоохоор нэгтгэж чадахгүй байсан гэнэ. Риа новости агентлагийн мэдээлснээр Сибирийн Барнаул, Красноярск, Владивосток, Чита, Хабаровск зэрэг хотуудаас гадна хилийн чанадад буюу Лондон хотод В.Путиныг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн байна. Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Зөвлөлтийн удирдагч асан Михаил Горбачев ОХУ-ын эрх баригчдад дахин сонгууль явуулахыг уриалсан билээ.
Зургийг ЭНД дарж үзнэ үү