Энэхүү тэмцээнд нийт 21 орны 125 тамирчин оролцож, арван төрөлд оюун ухаанаа уралдуулснаас:
1. Багийн ахлагч ой тогтоолтын ОУ-н аварга, мастер Х.Хатанбаатарын хувьд “Хөзрийн дараалал” цээжлэх төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 47 секундэд цээжлэн, алдалгүй нэрлэснээр шагналт дөрөвдүгээр байрт, сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс 89 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр долдугаар байрт тус тус шалгарсан байна.
2. 2011 оны ой тогтоолтын үндэсний аваргаас зургаан медаль хүртсэн С.Акжолын хувьд “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутад 59 хүн цээжилж алдалгүй санаснаар шагналт тавдугаар байрт орлоо. Мөн нэг багц хөзрийг 1 минут 13 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр, нэг цагт 1040 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн, алдалгүй нэрлэснээр их мастерийн болзол хангаж, “Ой тогтоолтын олон улсын их мастер” боллоо.
3. 2011 оны ой тогтоолтын үндэсний аваргын тэмцээнээс гурван медаль хүртсэн С.Цогбадрахын хувьд сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс 81 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр наймдугаар байрт, таван минутын цифр цээжлэх төрөлд 286 цифр цээжлэн алдалгүй нэрлэснээр наймдугаар байрт тус тус шалгарлаа. Мөн нэг багц хөзрийг 1 минут 59 секундэд, нэг цагт 12 багц буюу 624 ширхэг хөзөр, нэг цагт 1100 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерийн болзол хангаж “Ой тогтоолтын олон улсын их мастер” болов.
4. Оюуны спортын тамирчин Т.Мягмарсүрэнгийн хувьд нэг багц хөзрийг 1 минут 43 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр цээжлэн алдалгүй нэрлэснээр ой тогтоолтын олон улсын их мастер болох гурван болзолын хоёрыг нь хангалаа.
Оюуны спортын дэлхийн хэмжээний тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Монголын гурван тамирчин ТОП-10-т багтан, хоёр нь их мастерийн болзол ханган, багаараа 3 дугаар байр эзэлж, дэлхийд оюуны спортоор эх орныхоо нэрийг гарган гялалзсан амжилт үзүүлж, 2011 оноо үдэж буй оюуны спортын мастерууддаа өндөр амжилт хүсье.