Эрэгтэйчүүдийн 73 кг-д чансаагаараа 12 дугаарт эрэмбэтэй ОУХМ С.Ням-Очир 2010 оны “Мастерс”-ын мөнгө, 2009 оны Европын АШТ-ий хүрэл медальт, Францын жүдоч Жиль Бонхёмых гурван минут, нэг секундэд цэвэр ялаад энэ жил Европын аваргад үзүүрлэсэн ОХУ-ын Мурат Козоковт нэмэлт цаг юүко үнэлгээ алдан хожигдов. Козоков нь 2010 онд Абу-Дабигийн Гранприд, энэ жил багийн ДАШТ-д манай Х.Цагаанбаатарыг ялж байжээ.
Мөн энэ жинд зодоглосон Г.Одбаяр Азербайжаны Рустам Оружовыг эхний даваанд сөхрүүлээд 2009 оны Универсиадын хүрэл медальт, Чехийн Яромир Йезект вазари үнэлгээгээр дийлдлээ. Энэ чех жүдоч 2010 оны "Чингис хаан" Дэлхийн цомд ирж, оролцоод С.Ням-Очир, Г.Одбаяр нарт ялагдан долдугаар байрт орж байсан юм.
Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д Японд суралцдаг залуу жүдоч Н.Дагвасүрэн өрсөлдсөн. УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай тэрбээр Тайванийн Цен Чан-Шенийг гурван минут, 17 секундэд цэвэр ялсан ч дараагийн өрсөлдөгч, 2005 оны ДАШТ-ий мөнгөн медальт Франческо Брюйеред торгуулиар дийлдлээ. Энэ барилдаанд хэн хэн нь юүко үнэлгээ авсан ба барилдаан эхлэнгүүт Н.Дагвасүрэнгийн хүлээсэн хоёр торгууль нь эцсийн дүнд нөлөөллөө. Италийн Брюйере 2010 онд Токио хотноо болсон ДАШТ-д эхний тойрогт О.Ууганбаатарыг хожиж байв.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа Тайванийн жүдочдын нэрийн хуудас нь болоод байгаа Лиен Чень-Линд вазари, юүко үнэлгээ алдан дийлдсэнээр тэмцээнээ дуусгалаа. 2009 оны ДАШТ-д долдугаар байрт шалгарч, 2010 онд Азийн наадам болон Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн тайвань жүдоч энэ жилийн Азийн АШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Д.Сумъяаг мөн ялж байсан юм. Харин 2009 оны Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө, өнгөрсөн жил Азийн наадамд шөвгийн наймд тус тус Т.Баттөгст хожигдож байлаа.
63 кг-д Ц.Мөнхзаяа Тайванийн Чень Ча-Шинийг нэг минут, 26 секундэд цэвэр буулгасан ч Израилийн Ярден Гербид нэмэлт цагийн сүүлчийн минут эхэлж байхад цэвэр ялагдав. Энэ жил Дюссельдорфын гранпри, Сан-Паулугийн “Дэлхийн цом”, саяхан Амстердамын гранприд таарахдаа ялж, улмаар тухай бүрт медалийн тавцанд гарч байсан манай бөх израиль жүдочийн дэвжээний захад шахаж татах мэхэнд нь тэссэнгүй.
Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд болох ба 70 кг-д Ц.Наранжаргал (Испанийн Сесилья Бланкотой эхний тойрогт таарсан), -78 кг-д П.Лхамдэгд (Японы Рүика Сато), -100 кг-д Н.Түвшинбаяр (Камеруны Мусса Эван), Б.Тэмүүлэн (БНСУ-ын Ким Кён-Тэ), +100 кг-д Б.Төгөлдөр (Голландын Луук Верби) нар барилдах билээ.