Ердөө 23 дахь секундэд гоолдож, тоглолтыг гайхалтай эхлүүлсэн ч Жозе Моуриньогийн баг мөнхийн өрсөлдөгчөө барсангүй. Хоёр багийн хувьд ижил 37 оноотой болсон ч гоолын зөрүүгээр “Барса” тэргүүнд нь бичиглдэх боллоо. Гэхдээ тэд нэг тоглолт илүү хийсэн бөгөөд “Реал” ирэх долоо хоногт дутуугаа гүйцээх юм.
Мадридын бороотой үдэш болсон 163 дахь удаагийн “Эль Классико”-д Лионель Месси болоод Криштиан Рональду нар гол дүрд тоглож, тэдний хоорондын “тулаан” болно гэж таамаглаж байсан ч FIFA-гийн хамгийн нэр хүндтэй Ballon d’Or шагнал горилж буй тэдний хэн нь ч лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй 17 гоолын амжилтаа ахиулж чадаагүй. Харин Карим Бензема “Реал”-ын төгс эхлэлийн эзэн байж, тоглолт дөнгөж эхлээд 23 дахь секундэд багтаа тэргүүлэл авчирчээ. Испанийн Эзэн хааны багийг дасгалжуулах болсоор Ла лигийн хүрээнд “Барселона”-г ганц ч удаа сөхрүүлж чадаагүй Жозе Моуриньогийн найдварыг бөхөөж, Алексис Санчез тоглолтын 30 дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн. Давид Вилльягийн байрыг эзэлж, гарааны бүрэлдэхүүнд багтсан Санчез талбайн голоос Мессигийн эхлүүлсэн гоолын боломжийг гүйцээсэн нь тэр байлаа. Тооны харьцаа 1:1
Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд найман минут өнгөрч байхад “Барса”-гийн өмсгөлтэй 600 дахь тоглолтдоо оролцож буй Шави гоолдсоноор Пеп Гуардиолагийн баг тоглолтыг тэргүүлж эхлэв. Талбайдаа хожигдож эхэлсэн “Онцгой нэгэн” солилцоо захиалж, Месут Озилыг Какагаар сэлгэснээр тэдний довтолгоо хэсэг эрчимжсэн гэж болно. 65 дахь минутад Алонсогийн ухаалаг дамжуулалтыг Рональду мөргөсөн ч байгаа оноогүй. Харин эсрэгээр “Барса” 68 дахь минутад тооны харьцааг 3:1 болгожээ. Энэ удаад Сеск Фабрегас Дани Алвесын баруун жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг гоол болгов. Тэрбээр ийнхүү энэ улиралд 13 тоглолтод гараанд гарахдаа 10 дахь гоолоо оруулсан юм.
Каталоны нэр төр гэгдэх “Барселона” ийнхүү Испанийн нийслэл хотноо болж байсан 81 “Эль Классико”-д ердөө 16 дахь ялалтаа авсан ч 2008 оноос хойш Ла лигийн хүрээнд “Сантьяго Бернабеу”-д ялагдал амсаагүй билээ. “Онцгой нэгэн” ч тэднийг “дийлдэшгүй”, “өнөө цагийн шилдэг баг” гэдгийг нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн юм.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.