Ерөнхий сайд өнөөдөр эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд өнөөдөр эх орондоо ирнэ

Инпонез улсын Бали аралд болсон ардчиллын төлөөх Балийн IV форумд оролцохоор энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос мордсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамтаар өнөөдөр үдээс хойш эх орондоо хүрэлцэн ирэх гэж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын Индонези улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө гэж дүгнэж болно.

Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах хүндтэй үүргийг өнгөрсөн хавар Литва улсаас хүлээж авсан юм. Харин Индонези улсын ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Балийн IV форумд оролцох урилга илгээж, ардчиллын туршлагаасаа хуваалцахыг хүссэний дагуу хоёр орны хооронд айлчлал амжилттай үргэлжилж Ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн хооронд эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан билээ. Мөн Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоног ирэх оны есдүгээр сард Монгол улсад айлчлахыг урьж, урилгыг талархан хүлээн авсан юм.

Дашрамд сануулахад, Ардчиллын Монгол загварын туршлагыг Азийн орнуудтай хуваалцсан Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтын үеэр Япон, Катар, Турк, Зүүн Тимор, Их Британи, Шинэ Зеланд, Бруней, Бангладеш зэрэг орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй хоёр талын уулзалтуудыг хийлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт олон орны удирдагчдын анхаарлыг татаж байсан бөгөөд ирэх жил эдийн засгийн өсөлт  25 хувьд хүрэх хандлагатай байгааг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр тэмдэглэсэн нь анхаарал татахуйц мэдээлэл болж байв. Мөн Монгол Улс уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулсан нь дэлхийн улс орнуудын анхааралд аль хэдийнэ орсон нь Балийн чуулга уулзалтаас тод харагдаж, олон орны төлөөлөгчдийн уулзах хүсэлтэд Ерөнхий сайд С.Батболд “дарагдсан” юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж