Монголын сэтгүүлчдийн XV их хурал болж байна. Тус хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Шинэ үе сэтгэлгээ” түр хорооны гишүүд дэмжигчдээс бүрдсэн 500 орчим сэтгүүлчид оролцож буй юм. Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, МОНЦАМЭ агентлагийн захирал Т.Баасансүрэн, “Шинэ үе сэтгэлгээ” түр хорооны тэргүүн, NBS телевизийн тоймч Наранбаатар, тус хорооны гишүүн МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар болон телевиз, сонин, вэб сайтуудын эрхлэгч, сурвалжлагч нараас бүрдсэн 500 орчим сэтгүүлчид энэ удаагийн хуралд оролцож дуу хоолойгоо хүргэж байна. Одоо хуралдаанаар санал шүүмжлэл өрнүүлж буй юм. Энэ үеэр сэтгүүлчид нийт сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан Үйлдвэрчний эвлэл байгуулах шаардлагатай байна гэсэн саналыг дэвшүүллээ. Монголын нийгмийг шинэчлэх, эрүүлжүүлэхийн төлөө дөрөв дэх засаглалын үүрэг хүлээдэг сэтгүүлчид бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө хамгийн их дуугарч, тэмцдэг атлаа өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн байгууллага байдаггүй нь учир дутагдалтай байна гэж сэтгүүлчид үзэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажиллаж ирсэн ч сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дорвитой ажиллаагүй гэж шүүмжилж байна.
Г.Дарь