Хятадын шоронд Уйгур залуучууд амиа алдсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Хятадын шоронд Уйгур залуучууд амиа алдсаар байна

БНХАУ-ын Шинжаан уйгурын БНУ-ын нийслэл Урумчи хотод 2009 онд гарсан дуулиант бослогод оролцсон хэргээр Шинжааны шоронд ял эдэлж байсан 17 настай уйгур залуу өнгөрсөн сард нас эцэслэжээ.

"Миний хүү шоронд нас барлаа. Олон, маш олон уйгур залуус ийм маягаар амиа алдсаар байна" гэж талийгаачийн аав Шербаз Хан "Чөлөөт Ази" радиогийн сурвалжлагчид ярьсан байна. Талийгаач Hyp аль Ислам Шербаз нь энэ жил 17 настай, хоёр жилийн өмнө Урумчи хотод болсон бослогын үеэр анх баривчлагджээ.

Цагдаа нар түүнийг хамт баригдсан уйгур залуустай хамт мөрдөнд хийж, жил гаруй тарчилгасны эцэст энэ оны гуравдугаар сард гэм буруутайг нь тогтоон ялын тогтоол уншсан байна. Хүүг нь баривчилсны дараа Шербаз Ханыг Шинжаанаас гаргах тушаал гарч Пакистанд шилжүүлжээ. Пакистанд Хятадын хэргийг хамааран суух төлөөлөгч Ли түүнд хүү нь сайн хүмүүжиж байгаа учраас тав, зургаан сарын дараа суллагдана гэж баталж байсан аж.

Мөн хүүгийнхээ талаар сэтгүүлчдэд ярихыг хатуу хориглосон байна. Гэвч хүүгээ нас барсны дараа шоронгийн удирдлага, хянагчид хүүг нь байнга цахилгаанд цохиулж тамладаг байсныг хамт хоригдож байсан хүнээс нь олж мэджээ.

"Хятадын шоронд олон уйгур залуус тамлагдан зовж байна. Хятад хянагчид эмэгтэйчүүдийг ч эмэгтэй гэж үздэггүй. Элэг нэгтнүүд маань байнга зодуулан тарчилж байна. Ингэж тамлуулж байгаа хэрнээ өдөрт хоёрхон хэрчим талх, ганц аяга усаар гол зогоодог гэсэн. Хоригдож байгаа орчин нь ч гэсэн маш бохир, хүйтэн. 4-5 хүн байх өрөөнд 20-25-уулаа чихэлдэн байдаг" гэж Шербаз Хан ярьжээ.

Өнгөрсөн сарын 13-ны өглөө 10.00 цагийн үед Урумчид байдаг талийгаачийн ээжийг, охин дүүтэй нь хамт шоронгоос "Хүүтэйгээ уулз" гэж дууджээ. Баярласан эх нь шоронд очиж хүүтэйгээ 20-30 минут уулзсан гэнэ. ""Тэр өдөр л миний хүү нас баржээ гэдгийг би хожим ойлгосон юм. Хүү маань өглөө нь ээжтэйгээ уулзаад орой гэхэд байхгүй болсон байсан. Тэд хүүг маань эмнэлэгт өнгөрсөн гэж хэлсэн. Үхлийн гэмтэл учруулсан гэдэг нь тодорхой" гэж Хан үргэлжлүүлэв. Тэрбээр гэр бүлээ Пакистанд авчрахын тулд эхнэртээ хүүгийнхээ талаар нэг ч үг цухуйлгаж болохгүй шүү гэж захисан байна.

Виз өгөхөө больчихож магадгүй гэж болгоомжилсондоо ингэжээ. Түүнд Урумчид очих зөвшөорөл ч өгсөнгүй энэ хооронд шоронгийн удирдлага хүүг нь өөрсдөө оршуулахаар шийдсэнээ ар гэрийнхэнд нь дуулгасан байна. Хүүг нь хэнд ч харуулалгүй оршуулж орхижээ. "Одоо миний хүү үхсэн. Эхнэр бид хоёр ч гэсэн" гэж тэрбээр өгүүлсэн байна.

Хэдэн арваараа сураггүй бологсод хаачив

Урумчид болсон тайван жагсаал цус асгаруулсан мөргөлдөөн болж хувирсны дараа баривчлагдсан уйгур иргэдийн тоо сураггүй алга болсон иргэдийн тооноос хэдэн арваар бага байна. Эдгээр уйгурчууд хаачив. Human Rights Watch байгууллагаас 2009 онд гаргасан илтгэлд энэ талаар тодорхой баримттайгаар дурьдсан бөгөөд хоригдлууд баривчлагдсан хойноо сураггүй болсон гэдгийг баталсан байдаг юм.

Уйгурчуудын угсаа гарал, өнөөгийн байдал

Түүх бүхэл бүтэн үндэстнүүдийн хувь заяагаар даажигнах нь цөөнгүй. Манай эриний өмнө Дундад Азийг бүхэлд нь эзэгнэн оршиж байсан хүчирхэг үндэстний үр сад уйгурчууд эдүгээ БНХАУ, Казахстан, Турк зэрэг олон улсуудад таран суурьшиж, тухайн газар бүртээ "ад" болж явна. Энэ байдал хэлц үгэнд нь ч ажиглагдах аж. Жишээ нь "Бүх уйгур хүн туркүүдэд дургүй", "Казах хүн хүн биш" гэх мэт. Энэ нь Узбек, Киргизэд ч хамаарна гээд бод доо.

Казах, Киргиз, Узбек, Уйгур гэх үндэстнүүдээс бүрдсэн Дорнод Туркестан хэмээх "үхрийн бөөр" шиг улсаас энэ бүхэн үүдэлтэй. Дээрх улс орнуудаас Уйгураас бусад нь тусгаар тогтнолоо олж аваад байгаа билээ. Гэхдээ уйгурчуудын бусдыг үзэн ядах сэтгэл нь тусгаар тогтнолоос болсон юм биш, төрөлхийнх гэж үздэг эрдэмтэд ч байдаг юм.

Аливаа үндэстэн өөр хүчирхэг гүрний харьяат байдалд орлоо гэхэд хэл соёлд нь их гүрний нөлөө шууд орж ирдэг. Гэтэл Уйгурт тийм биш бөгөөд Хятадад байгаа дурын уйгур айлд ороход хятадын үнэр ч үнэртдэггүй нь гайхалтай. Дээр өгүүлсэн Дорнод Туркестан улсын үед уйгурчууд хамгийн нөлөөтэй үндэстэн нь байж, дайн тулаанд оройлон оролцдог байв. Тийм ч учраас цөс ихтэй уйгурчууд хэзээ нэгэн цагт БНХАУ хэмээх лууг тасар татан хаяна гэсэн ярианд уйгурчууд их дуртай. Харин үзэн ядуулаад байгаа казах болон турк үндэстнүуд нь тэдний талаар тэс өөр бодолтой байдаг аж.

Нэг турк эр "Уйгурчууд Туркээс салах ёстой" гэж ярьсан уйгурт "Юу гэнэ ээ. Та наад үгээ миний нүд рүү харж байгаад хэлээдэх" гэхэд "Би юу ч яриагүй шүү дээ" гэжээ. Бас нэгэн казах аксакал "Би залуудаа олон уйгуртай танил байсан. Заримдаа муудалцах ч явдал гарна. Тэгэхэд "Хоёулаа гудамжинд гараад эр хүн шиг шударга үзчихье" гэж хэлэх уйгур хүн нэг ч таараагүй юм даа" гэсэн байх жишээтэй.

ОХУ-ын иргэдийн дунд ""Уйгур бол Хятадын кавказууд. Хүн алах, хүрээ талах, хүчирхийлэх гээд болохгүй юм болгон тэднээс гардаг" гэсэн ойлголт байдаг. Энэ ч үнэний хувьтай. Шинжаан Уйгурын автономит мужид Аль Каидагаас дутахгүй зохион байгуулалтад орсон алан хядах бүлэглэл хэд хэд бий. Тэдгээрээс хамгийн хүчтэй нь "Дорнод Туркестан" нэртэй бүлэглэл байдаг аж. Казахстан болоод Туркт байгаа уйгурчууд ч салан тусгаарлахыг эрмэлздэг талаар явган яриа их байдаг гэнэ.

БНХАУ-ын баруун хэсэгт байрлах Шинжаан Уйгурын автономит мужид эсэргүүцлийн хөдөлгөөн ид өрнөж байна. Өнгөрсөн даваа гарагт Урумчи хотод болсон мөргөлдөөнд хүчний байгууллагынхан зургаан хүний аминд хүрч, 14 хүнийг шархдуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг маш их татсан нь ийм учиртай юм.

БНХАУ бол нэр хүндэд нь сэв суулгаж мэдэх дотоод асуудлаа маш их нууцалдаг орон. Энэ нь нэр хүндэд нь бүр илүү гай болох нь ч бий. Шувууны ханиад, хачигны тахлыг дарсаар байгаад олон хүний аминд хүрч, өөрсдөө хүчрэхээ больсон хойно нь л мэдээлж дэлхий нийтийг сэртхийлгэж байсныг л дурьдахад хангалттай биз. Хоёр жилийн өмнө гарсан Түвдийн лам нарын бослогын үед амь үрэгдсэн түвд хүний тоог арав дахин багасгаж зарласан нь нэгийг хэлнэ. Тийм ч учраас байдал дээрээ илүү ноцтой үйл явдал болоод байгаа юм биш үү гэсэн хардлага байна.

Х.Батсайхан

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж