Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэв

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. Одоогоос найман жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай аж.

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаар Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд тав дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Авлигыг таслан зогсоох, устгахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг чухалчлан үзэж, энэ жил авлигын эсрэг өдрийг дэлхий дахинаа “Авлигатай тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Конвенцид нэгдсэн гишүүн орон бүр Авлигын эсрэг конвенциар хүлээсэн үүргээ сурталчлах, хүүхэд залуучуудад шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас энэ өдрийг угтан “Шударга ёсны төлөө” сэдэвт аяныг бүтэн жилийн турш улс орны хэмжээнд зохион байгуулсан юм. Аяны хүрээнд 11 яам, 43 агентлаг, 21 аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажилтнууд, үндэсний хэмжээний сургагч багшаар бэлтгэгдэж буй иргэд, эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг сэтгүүлчдэд, орон нутгийн авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарт зориулсан олон талт сургалтыг зохион байгуулж, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар нийгмийн бүлгүүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг, мөн аймгуудад “Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлэг өрнүүлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Шударга ёсыг тогтоох нь” сэдвээр теле хичээл заасан бол их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулан “Авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг удирдан явууллаа. “Шударга ёсны тогтолцоог өөрсдөөсөө эхлүүлье” сэдвээр иргэд, олон нийтэд зориулсан өдөрлөгийг хэд хэдэн аймаг, сум болон нийслэлийн хороодод зохион байгуулсан байна.

Түүнчлэн “Шударга ёсны төлөө-2011” шагнал гардуулах гурав дахь удаагийн ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Улс орны хэмжээнд шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзэлтэй шударга иргэдийг олон нийтийн санал асуулгаар тодруулан олгодог “Шударга ёсны төлөө” шагналыг энэ жил 8 хүн гардан авав. Ёслолын арга хэмжээг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хэлсэн үгэндээ “Манай нийгэм бүхэлдээ хар бараан биш, сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйл олон байгаа. Сайныг нь түгээн дэлгэрүүлж, муугийнх нь эсрэг тэмцэх нь бидний үүрэг” хэмээн онцолсон юм. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. “Шударга ёсны төлөө-2011” шагналыг “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Оюунхорол, З.Энхболд, Л.Гантөмөр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, хуульч Ж.Батзандан нарт олгов.

Сонирхуулахад, Конвенцийг баталсан оныхоо арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод хүндэтгэлтэйгээр байрлуулан, түүнд дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсгээ зуржээ. Түүнээс хойш 2005 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улс орон гарын үсгээ зурахад нээлттэй үлдээсэн байдаг юм. Авлигын эсрэг олон улсын өдрийг арванхоёрдугаар сарын 9-нөөр тогтон зарласан нь ч үүнтэй холбоотой юм байна.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж