Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Оюутолгой” компанийн элч тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд эдгээр жинд Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг /60 кг/, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/ нарын зургаан тамирчин зодоглосноос Х.Цагаанбаатар ганцаараа медалийн тавцанд гарчээ.

Жингийнхээ ангилалд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй Х.Цагаанбаатар эхний тойргийн барилдааныг өнжиж, улмаар залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Европын дэд аварга Польшийн Томаш Ковальскиг вазари үнэлгээгээр, дараа нь Канадын Мичаль Попьелийг мөн вазаригаар ялсан байна. Ингээд медалийн төлөө Францын жүдоч Дмитрий Драгинатай барилдаж, вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Харамсалтай нь, медалийн өнгө хувиргах барилдаанд Японы бөх Томофүми Такажотой барилдаж, цаг өндөрлөхийн өмнөхөн цэвэр ялагдсан байна. Х.Цагаанбаатар ийнхүү хүрэл медаль хүртсэнээр чансаандаа 120 оноо нэмж байгаа юм.

Тэмцээн маргааш, нөгөөдөр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, С.Ням-Очир, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар барилдана.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж