Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд гадаадад сургууль төгсөгч залуустай УИХ-ын гишүүн С.Баяр уулзалт хийж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан гадаадад амьдарч буй монгол иргэдээ онцгой анхаарах шаардлагатай юм байна гэж гэж үзэж, 2009 онд Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл байгуулах шийдвэрийг гаргаж байжээ. Түүний албыг үргэлжлүүлэн авсан Ерөнхий сайд С.Батболд энэхүү санаачлагыг “Зөгийн үүр” хөтөлбөрөөр эрчимжүүлснээр санаачлага их амжилттай зөв талруугаа хэрэгжиж буй аж. Түүнийг Ерөнхий сайдын алба хашиж байхад гадаадад хэдэн монгол иргэн ажиллаж амьдарч байна вэ гэдэг тоо байдаггүй байсан. Одоо тэгвэл 107 мянган иргэн амьдарч байна гэсэн мэдээллийг иргэний шинэчилсэн бүртгэлийн хүрээнд гаргаад буй. Цаана нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадаагүй үлдсэн монгол иргэд бий. Тэд бүртгэлд хамрагдах ёстой. Нөгөөтэйгүүр, Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Тийм учраас гадаадад байгаа монголчууддаа бодит мэдээллийг хүргэж, Монгол Улсаа хөгжүүлэхэд гадаадад амьдарч буй монголчуудын хүчин зүтгэл бас хэрэгтэй байгаа. Тэр утгаараа ийм ийм нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн тэр салбарт шаардлагатай байна гэдэг бодит мэдээллийг хүргэж, улс орноо хөгжүүлэхэд хамтран зүтгэх, эдийн засгийн энэ их өсөлтийг ашиглах цаг үе ирээд байна гэдгийг уулзалтад оролцож буй залууст онцоллоо.
Мөн Монгол Улсын хувьд том том зорилт дэвшүүлээд байгаа. Зорилтыг хэрэгжүүлэхэд монголчууд дангаараа зүтгэх хүний нөөцгүй, заавал гаднаас ажиллах хүчин авах шаардлага тулгарч буй. Тийм учраас хүн амаа өсгөх шаардлага тавигдаж байна. Том том зорилтуудыг хэрэгжүүлэхэд наад зах нь Монгол Улсын хүн ам таван саяд хүрэх ёстой аж. Үүнд хүрэхэд төрийн бас бодлого чухал байна гэдгийг УИХ-ын гишүүн С.Баяр уулзалтынхаа үеэр тэмдэглэлээ.
Г.Дарь