Уулзалтын үеэр сэтгүүлчид Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатараас зарим зүйлийг тодруулж ярилцлаа.
-Ирэх жилийн Мөнгөний бодлогын гол онцлог юу вэ?
-Санхүүгийн зах зээлийн нийтлэг орчин өөрөө их том болж эхэлж байна. Манай эдийн засаг дэлхийн санхүүгийн зах зээлтэй илүү нарийн холбогдож байгаа. Үүнээс болж зөвхөн дотоод орчиндоо тохирсон тийм бодлого байхаас гадна дэлхийн, олон улсын санхүүгийн зах зээлд ойлгомжтой, тэдний үйл ажиллагаанд зөв зохистой, нийцтэй байх чиглэл рүү бодлогоо төлөвлөх шаардлагатай байгаа. Энд тулгарах төвөгтэй асуудлууд бий. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахын тулд түүнтэй нийцсэн зохистой эдийн засгийн суурь, дэд бүтцийн орчныг хангалттай бий болгох шаардлагатай. Монголд хэрэгжиж байгаа уул уурхайн төслүүд дэлхийн хэмжээнд хамгийн том биш байлаа гэхэд үндэсний эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад том байгаа учраас энэ нөлөөллийг зохицуулах шаардлагатай.
-Гадаад эдийн засгийн хямрал ирэх 2012 онд Монголын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үүснэ гэсэн таамаглал гарах боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Европын эдийн засгийн асуудал бүрэн шийдэгдэж дуусаагүй байна. Өнөө өглөө Францын Ерөнхийлөгчийн хэлж байгаагаас үзвэл ирэх даваа гаригт тодорхой мэдээлэлтэй болох юм байна гэж ойлголоо. Европын холбоо шийдлээ олох байх. Азийн хувьд нөхцөл байдал муудаагүй. Монголын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд БНХАУ, ОХУ-ын зах зээлд борлогддог. Нүүрс бол Хятадын дотоодын зах зээлтэй холбоотой учраас Европын зах зээлээс хамаарал багатай. Энэ бүхэн бидэнд яаран сандрахгүй байх боломж олгож байна.
Монгол Улс яаж мөнгөний бодлогынхоо гадаад шокийг даах чадварыг нэмэгдүүлэх вэ. Яаж эдийн засгаа илүү дархлаатай болгох вэ. Илүү хурдан хугацаанд илүү маневр өндөртэй уян хатан байдалд яаж шилжих вэ гэдэг чиглэлд илүү анхаарч ажиллаж байна.
Бид Хятадын ардын банктай төгрөг, юанийн хэлцлийг өнгөрсөн зун байгуулсан. Ингэснээр хямралыг давах чадвар зөвхөн Монголын Төвбанкны валютын нөөцөөр хязгаарлагдахгүй хамтран ажиллаж буй бусад Төвбанкны дэмжлэг авах нэмэлт боломжийг бүрдүүлж чадсан нь манай эдийн засгийн дархлааг нэмэгдүүлж, уян хатан байдлыг сайжруулж байгаа том алхам болж байна.