Уулзалтын хоёр дахь өдөр Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзлаа. Хоёр орон эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй , жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтойг Индонезийн төрийн тэргүүн илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Индонезийн харилцаа эрчимтэй хөгжих үүдийг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэн хэллээ.
Ерөнхий сайд С.Батболд Монгол улс нь ардчиллыг бэхжүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбаруудад түүнчлэн бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр хөндөн ярилаа. Мөн эрхэм Ерөнхийлөгчийг ирэх оны есдүгээр сард Монгол улсад айлчлахыг урилаа. Урилгыг Индонезийн төрийн тэргүүн талархан хүлээн авсан байна.
Ардчиллын Монгол загварын туршлагыг Азийн орнуудтай хуваалцсан Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтын үеэр Япон, Катар, Турк, Зүүн Тимор, Их Британи, Шинэ Зеланд, Бруней, Бангладеш зэрэг орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй хоёр талын уулзалтуудыг хийлээ. Монгол улсын эдийн засгийн өсөлт олон орны удирдагчдын анхаарлыг татаж байсан бөгөөд ирэх жил эдийн засгийн өсөлт 25 хувийн өсөлттэй гарах хандлагатай байгааг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр тэмдэглээд, ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн бэхжүүлж хөгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Манай орон уул уурхайн баялгаа эргэлтэд оруулсан нь дэлхийн улс орнуудын анхааралд аль хэдийнээ орсон нь Балийн чуулга уулзалтаас тод харагдаж байлаа. Олон орны төлөөлөгчдийн уулзах хүсэлтэд манай Ерөнхий сайд “ дарагдсан нь” үүнийг гэрчилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.