Ганга нуурын нэрийн учир

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Ганга нуурын нэрийн учир

2011 оны 12 дугаар сарын 3-нд “Сүхбаатар аймаг” Facebook группын анхдугаар уулзалт амжилттай болж өнгөрлөө. Нутгийн олон ахмадууд болон залуу үеийнхэн тэнд цуглаж чухал асуудлуудыг авч хэлэлцсэн юм. Тус уулзалталтанд ирсэн Сүхбаатар аймгийн уугуул ахмад Др.Проф.Д.Цэрэнсодном  “МӨНХЧУЛУУН” САН- ийн тэргүүн М.Зоригтод “Энэтхэг судлал” сэтгүүлийг дурсгасан бөгөөд тус сэтгүүлд “Ганга нуурын нэрийн учир” хэмээх өөрийн нийтлэлийг хэвлүүлсэн байна. Та бүхэн тус нийтлэлтэй танилцна уу.

Монгол баатарлаг туулийн удиртгал хэсэгт хэрэг явдал асар эрт цагт болсныг өгүүлэхдээ:

Нар сая мандаж байхад
Навч сая дэлгэрч байхад
Сар сая мандаж байхад
Шажин сая дэлгэрч байхад гэх буюу:
Гадаад далайг шалбааг байхад
Ганга мөрнийг горхи байхад
Сүмбэр уулыг дов байхад
Сүн далайг шалбааг байхад
Гарсаар газар нутгаа алдаж үзээгүй
Төрсөөр төр, шажнаа алдаж үзээгүй

…ийм нэгэн баатар байсан хэмээн домоглон өгүүлдэг билээ. Монгол туулийн эхлэл хэсэгт энэтхэгийн алдарт Ганга мөрөн хийгээд санскрид хэлний sumeru гэх үгнээс гаралтай Сүмбэр хэмээх домгийн уул тэргүүтнийг дурдсан нь анхаарал татна. Бидний бодлоор олон мянган жилийн түүхтэй монгол туульсын зохиолд “Ганга мөрөн, гарди шувуу, сүмбэр уул, Галбар зандан мод” гэх зэрэг санскрид гаралтай үг олонтоо гардаг нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Хүннү гүрний үеэс Монгол, Энэтхэг хоёр улс шашин, соёлын харилцаатай байсны холын тусгал гэж үзэж байна. Тэрчлэн эртний энэтхэгийн алдар Панчатантра хийгээд Рамаа хааны дуулалын зарим бүлэг салаа нь монголчуудын дунд яг үндэснийх нь үлгэр, домог мэт хувьсан идээшсэн нь яавч хэдхэн зуун жилийн дотор буй болсон үзэгдэл биш бөлгөө. Энэ талаар академич Б.Я.Вдадимирцов Ц.Дамдинсүрэн нарын эрдэмтэд нухацтай судалгааны бүтээлүүд нэгэнт нийтлүүлсэн билээ.

Өдгөөгийн Монгол улсын Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Гангын цагаан нуур, Алтан дарь овооны нэр ч энэтхэгийн Ганга мөрөн  хийгээд санскрид хэлний tara, төвдөөр grol, Монголоор Гэтэлгэгч эх гэсэн үг болно. Ийм нэрийг зүүх болсон тухай Дарьганга нутагт элдэв сонирхолтой домог яриа ч буй болжээ. Жишээ нь Ганга нуурын гарлын тухай домогт: Эрт цагт энэ нутгаас нэгэн лам бадарчлан явсаар Энэтхэг оронд хүрч тэнд олон жил сууж ном эрдэм сураад нутаг буцахдаа Ганга мөрний рашаанаас бумбанд хийж ирж Молцог элсэндий хаяанд булсан юм гэнэ. Тэр газрыг хожим нь Бумбат гэж нэрлэх болжээ. Уг бумбаны рашаан сүүлд дэлбэрэн гарснаас одоогийн Гангын цагаан нуур буй болсон гэдэг байна. Ийнхүү Ганга мөрний рашаанаас хөрөнгө авч үүссэн учир эл нуурыг Ганга нуур гэж нэрлэсэн түүхтэй ажээ. Гангын цагаан нуур нь сэрүүн орноос өмнийн хулуун орныг зорих шувуудын алжаалаа тайлж, хүч чадлаа сэлбэх амралтынх нь дамжлага газар гэж хэлж болно. Тийм учир намартаа хунгийн чуулга болж ёстой л найрал хөгжмийн аялгуу шиг түмэн зүйлийн яруу өнгө эгшиглэж байдаг байна.

Ийм учир Ганга нуурын магтаал шүлэгт:

Ганга холбоо нуур нь
Ганхаж байдаг модтой
Галбарваасан модонд нь
Ганганаж байдаг шувуутай
хэмээн яруу сайхан өгүүлсэн байдаг билээ. Тэрчлэн Дарьгангын алдарт “Жаахан шарга” хэмээх дуунд:

Ганганан гунганан дуугарах нь
Ганга нуурын галуу хө
Газар холоос нийлдэг нь
  Бидэн хоёрын сэтгэл хө

…хэмээн Ганга нуур, түүнд умбан жаргагч галуудыг ийнхүү магтан өгүүлсэн нь мөн санамсаргүй зүйл биш бололтой. Учир нь сэрүүн орны Ганга нуурт намаржсан хун шувууд халуун орны их Ганга мөрөнд өвөлждөг байж болох юм. Чингэвээс хоёр Гангыг галуудын цувуу холболог гэж хэлж болох юм.

Монгол улсын зүүн өмнө хязгаар нутагт оршин суугч Дарьганга ястны үүх түүхээс сөхөж үзвэл Халх монголчууд Манж Чин улсад дагаар орсон үеэс 1697 онд эзэн хааны торгон сүрэг гэгчийг буй болгож таван гар сүргээс анхлан адууны сүргийг буй болгожээ. Улмаар 18-р зууны эхэн үеэс баруун, зүүн гар адуучин, баруун, зүүн гар тэмээчин хоньчин ийм таван гар сүргийг бүрдүүлж халх, цахар, сөнөд зэрэг олон ястан угсаатнуудаас таслан суулгаж бүгдийн тэргүүнээр Хотгойдын Цэрэнжав гүнийг томилон ажиллуулсан байна. Чингээд одоогийн Сүхбаатар аймгийн Дарьгангын зургаан сумын нутагт (Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Халзан) эзэн хааны энхрий сүргийг адгуулах нэг бүлэг малчдыг газар газраас татан нутагшуулж тахиж тайх уул, усыг нь Алтан дарь овоо, Гангын цагаан нуур, Дагшин Дуутыг зааж өгсөн гэдэг хэмээн нутгийн хуучцуул ярьдаг байлаа. Тэр цагаас өмнө Алтан дарь овоог Захын хар өндөр гэж нэрлэдэг байсан гэх тэмдэглэл байдгийг эрдэмтэн Ж.Цэвээн гуай дурдсан байдаг.

Эх сурвалж: www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж