“Нар сарны зааг” хэмээх энэхүү адал явдалт уран сайхны киноны зохиолыг Монголын богино өгүүллэгийн нэрт мастер, зохиолч Д.Норов бичиж жүжигчин О.Бат-Өлзий киноны найруулагчаар ажиллажээ. Киноны хөгжмийг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичиж киноны гол баатарт зориулан дуу бүтээсэн байна. “Хүний хайлан” хэмээх дууг нь залуу дуучин Д.Отгонжаргал дуулсан хэмээн цагдаагийн хурандаа агсны гэргий С.Нарантуяа киноны нээлт дээр ярьжээ.
Ц.Жамьянсэнгээ хурандаагийн дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Л.Болд-Эрдэнэ бүтээжээ. Төмрийн заводын ажилчдын цалин болох 25 мянган төгрөгийг авч явсан хоёр хүний амийг хөнөөсөн ноцтой хэрэг 1957 онд гарч, цагдаагийн залуухан ажилтан Ц.Жамьянсэнгээ 25 жилийн дараа уг хэргийг илрүүлсэн бодит үйл явдлыг кинонд үзүүлсэн байна. Тухайн үеийн ханшаар 25 мянган төгрөг гэдэг асар их мөнгө юм.
Цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ агсан Нийслэлийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөс дарга хүртэл олон жил ажилласан бөгөөд түүний дурсгалд зориулсан цагдаагийн детектив киноны анхны үзэгчид нь тус газрын ажилтнууд болжээ.