Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын Өндөр түвшний хуралдаан Өмнөд Африкийн Дурбан хотноо арванхоёрдугаар сарын 6-нд эхэллээ. Хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Өмнөд Африк, Габон, Науру, Монако зэрэг 10 орчим улсын төр, засгийн тэргүүн, 140 гаруй улсын Засгийн газрын гишүүд, сайд нар болон бусад өндөр албаны төлөөлөл оролцож байна. Өндөр түвшний хуралдааныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн онд Мексик улсын Канкун хотноо тохиролцсон амлалтуудаа биелүүлэх, хөгжиж буй орнуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнд дасан зохицох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх арга хэмжээнд зориулсан “Уур амьсгалын ногоон сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэхийг нийт гишүүн орнуудад уриалж, шаардлагатай хөрөнгө босгох чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.
Өндөр түвшний хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх оролцож манай улсын байр суурийг илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн механизм бүрдүүлэх зэрэг олон чухал асуудлаар Дурбаны бага хурал тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Эдгээр асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх нь уур амьсгалын өөрчлөлт илүү эрчимтэй ажиглагдаж үр дагавар нь илт мэдрэгдэж эхлээд байгаа Монгол орны хувьд нэн чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар гарах аливаа бичиг баримтад уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмтгий далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын онцлог нөхцөл байдлыг тусгах шаардлагатай байгааг мөн онцлов.  
    
Бага хурлын үеэр Япон улсын Байгаль орчны яам болон Монгол улсын БОАЖЯ-ны хооронд хамтран ажиллах санамж бичигт сайд Л.Гансүх болон Япон Улсын БОЯ-ны сайд Гоши Хосоно нар гарын үсэг зурав. Уг санамж бичигт хоёр яам байгаль орчны салбарт, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын шинэ механизмуудыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, энэ чиглэлээр  Монгол улсад дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан байна.
    
Мөн сайд Л.Гансүх Бутан улсын Хөдөө аж ахуй, ойн сайд бөгөөд Байгаль орчны үндэсний комиссын сайд Пема Гямцо болон Катар улсын байгаль орчны сайд Абдулла Бин Ибоод Ал-Миадади нартай тус тус уулзаж байгаль орчны салбарын хамтын ажиллааны талаар ярилцаж, санал солилцсон байна гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж