Монгол Улсад ардчилал ялсны түүхэн өдрүүд үргэлжилсээр байна. Тодруулж хэлбэл, маргааш ардчиллыг хүсэмжилсэн залуучуудын цуглаан болсон түүхэн өдөр тохионо. Тэгвэл одоогоос 11 жилийн тэртээ буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд улстөрийн таван нам нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Харин энэхүү таван намыг байгуулахад УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг тухайн үед онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үзэн, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр түүнд өргөмжлөл гардууллаа. Өргөмжлөлийг тус холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржид гардуулан өгсөн юм.
Өргөмжлөлд “Ардчилсан хувьсгалын ялалтыг баталгаажуулж, ардчиллын төлөөх намууд нэгдсэн 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан хошуучлан оролцож Ардчилсан намын улстөрийн үйл ажиллагаанд үлгэр дууриал болон идэвхитэй оролцож байгааг тань үнэлж энэхүү дурсамжийг хадгалуулав” гэжээ.
Г.Дарь