Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг дахиад л гацлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг дахиад л гацлаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Японд айлчлахаар явахдаа эрхэм гишүүдэд Сонгуулийн хуулиа батлахад бэлэн болгоод байхыг даалгасан. Ер нь аравдугаар сараас хойш Д.Дэмбэрэл дарга Сонгуулийн хуулийн гацааг гаргаж хэлэлцүүлгийг түргэвчлэх талаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нарт удаа дараа чиглэл, шаардлага тавьж байсан юм. Парламентад суудалтай улс төрийн намуудын дарга нартай ч уулзаж хэрэв намууд асуудлаа зөвшилцөж тохирч чадахгүй бол хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдээр шууд санал хураалгана шүү гэдгийг анхааруулж байв. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь намуудын бүлгийн дарга нартай дахин уулзаж зөвшилцлөө түргэвчилж хуулийг яаралтай батлах шаардлага тавьсан юм.

Гэвч өнөөдөр хуралдуулахаар зарласан Төрийн байгуулалтын байнгын хороо ирцгүйн улмаас хурлаа хийсэнгүй. УИХ-ын даргыг байхад элдэв аргаар Сонгуулийн хуулийг хэлэлцэхээс бултдаг байсан гишүүд өнөөдөр ч энэ байдлаа давтлаа. Үүнээс болж долоо хоног бүрийн баасан гаригийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан тасалддаг байдал хоёр ч удаа давтагдлаа.

Эндээс харвал УИХ-ын гишүүд дотор Сонгуулийн хуулийн төслийг аар саар шалтгаар гацааж цаг хожиж суусаар хуулиар хязгаарласан хугацаанд нь тулгаж хуучин хуулиараа УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулахыг хүсэмжилж буй гишүүн цөөн биш бололтой. Хэдэн жил тойрогтоо мөнгө цацаж тойлсон гишүүд тойргоо сул хаяхыг хүсэхгүй байгаагаас хууль шинэчлэхээс цааргалж, Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг санаатайгаар гацаанаас гаргахгүй байна гэсэн яриа Төрийн ордонд дуулдаж байгаа нь оргүй биш гэж хэлж болно.

УИХ-ын дарга Японд хэд хоног айлчилж байх зуур намын бүлгүүд эв зүйгээ олж хуулийн төслийн саадыг арилгах байх гэтэл үгүй бололтой. Байдал ийм байгаа тул УИХ-ын дарга айлчлалаас ирж байж л сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хийлгэж хуулийг батлуулах байх гэж найдахаас аргагүйд хүрээд байна. Ер нь Д.Дэмбэрэл даргаас өөр Сонгуулийн хуулийг шинэчлэх гэсэн сэтгэлтэй хүн энэ парламентад байхгүй шинжтэй.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж