Хар тамхины хэрэгт холбогдсон Ц.Улаанхүүг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгт холбогдсон Ц.Улаанхүүг шүүнэ

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүгийн хэргийг энэ сарын 14-нд буюу ирэх лхагва гаригт Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.  Тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон 11 жил чанга дэглэмтэй  хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд гомдол гаргасан байна.

Ц.Улаанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж, Ц.Улаанхүү начин Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/  мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн болохыг нотлох хангалттай баримт байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар Ц.Улаанхүү нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан  нь тогтоогдсон тул 11 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан авсан 523 грамм мансууруулах бодисыг устгах, батлан даалтад  гарахдаа  төлсөн гурван сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гаргасан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж