“Төрийн мэдээлэл” сэтгүүл нэг сая төгрөгийн шагналтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” сэтгүүл нэг сая төгрөгийн шагналтай боллоо

УИХ-ын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд бодитой, шуурхай мэдээлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг тайлбарлан таниулах, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шагналыг бий болгов.

Энэ нь мөн парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх, парламентын сэтгүүлчдийн тогтвортой ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд бодит дэмжлэг болно гэж “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөл үзэж байна. Шагналыг хүндэт өргөмжлөл, нэг сая төгрөг дагалдах бөгөөд нэрэмжит шагналыг жил бүр хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олон, сэтгүүлчийн аль нэгэнд олгоно.

Нэрэмжит шагналын эзнийг Парламентын сэтгүүлчдийн холбоо болон тухайн байгууллага, редакцийн санал, мөн холбооны гишүүн-хэвлэл мэдээллийн ажилтнуудын санал асуулгын дүнг харгалзан шалгаруулна. Анхны Нэрэмжит шагналыг энэ оны 12 дугаар сард багтаан олгох юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шагналын журмын танилцуулж байна.

“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХТГЭЛИЙН
НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх, шалгаруулах, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Нэрэмжит шагнал нь Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд бодитой, шуурхай мэдээлэх, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг тайлбарлан таниулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог улам эрчимжүүлэх, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх, парламентын сэтгүүлчдийн тогтвортой ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд бодит дэмжлэг болно.

Хоёр.Шагналын төрөл, хэлбэр, олгох зарчим

2.1.Нэрэмжит шагнал нь Хүндэт өргөмжлөл, мөнгөн урамшуулал байна. Хүндэт өргөмжлөлийн загварыг гаргах, хэвлүүлэх үүргийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци хүлээнэ.

2.2.Хүндэт өргөмжлөл нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар баталгаажина.

2.3.Мөнгөн урамшууллыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн үйл ажиллагааны ашиг орлогоос бүрдүүлнэ. Мөнгөн урамшууллын хэмжээг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакцийн саналыг харгалзан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд “Төрийн мэдээлэл “эмхтгэлийн Зөвлөлийн даргын шийдвэрээр тогтооно.

2.4.Нэрэмжит шагналыг жил бүрийн 12 дугаар сард хэвлэл мэдээллийн байгууллагын нэг субьект /байгууллага, хамт олон, сэтгүүлчийн аль нэг/-эд олгоно.

2.5 Шагналд нэр дэвшигчийг шалгаруулах Улсын Их Хурлын Тамгын газрын Ажлын хэсэг 7 гишүүнээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын Тамгын газар, “Төрийн мэдээлэл” эмхтгэл, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл багтана.

Гурав. Шалгаруулах болзол, нөхцөл

3.1.Хэвлэл мэдээллийн байгууллага нь төрийн эрх барих дээд байгууллагын бодлого, үйл ажиллагаа болон иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх асуудлыг нийтлэл, нэвтрүүлгийн бодлогодоо тусгасан байдал.

3.2.Улсын Их Хурлын бүхий л үйл ажиллагааг олон нийтэд хүргэх талаар идэвхи санаачлагатай ажиллаж, шинийг эрэлхийлсэн, сэтгүүлчийн ур чадварыг илэрхийлсэн мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж олны хүртээл болгосон байх.

3.3.Парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх, парламентын сэтгүүлчдийн олон нийтийн байгууллагыг /холбоо/ төлөвшүүлэх, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байх

3.4.Шалгаруулахад харгалзан үзэх нэмэлт үзүүлэлт, болзол нөхцөлийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци, Парламентын сэтгүүлчдийн холбооны зүгээс гаргаж болно.

Дөрөв.Нэр дэвшүүлэх, шалгаруулах

4.1.“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Нэрэмжит шагналд нэр дэвшигчийг шалгаруулахад Парламентын сэтгүүлчдийн холбооны санал, парламентын сэтгүүлчдийн холбооны гишүүн-хэвлэл мэдээллийн ажилтнуудын санал асуулгын дүнг харгалзаж үзнэ. Нэрэмжит шагналд хэвлэл мэдээллийн байгууллагаас нэр дэвшүүлж болно. Нэр дэвшигчдийн материалуудыг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци хүлээж авна.

4.2.Нэр дэвшүүлэх, шалгаруулахтай холбогдсон зар мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ажлын хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан хүргэнэ.

4.3.Шагналд нэр дэвшигчдийн материалуудтай Улсын Их Хурлын Тамгын газрын Ажлын хэсэг танилцаж Ажлын хэсгийн гишүүдийн олонхийн саналаар болзол шалгуур хангасан 1 субьект /байгууллага, хамт олон, сэтгүүлчийн аль нэг /-ыг шалгаруулна. Нэр дэвшигчид журамд заасан болзол, шалгуурыг хангаагүй тохиолдолд шалгаруулалт явуулахгүй байж болно.

4.4 Энэхүү шагналыг гардуулах ёслолын ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газар, “Төрийн мэдээлэл “ эмхтгэлийн редакци хамтран зохион байгуулна.

Тав.Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал

5.1.Шагналд нэр дэвшигч /байгууллага, хамт олон, сэтгүүлч/-ийн тухайн онд хийсэн ажлын дэлгэрэнгүй тайланг бүрдүүлсэн байна.

5.2.Ажлын тайлан 1 жилийн хугацаанд хийсэн ажил, бүтээлийг нэгтгэсэн байдлаар бичсэн цаасан хэлбэртэй байна.

5.3.Нэр дэвшүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, редакцийн тодорхойлолт, удирдлагын албан бичиг.

Зургаа. Журамд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох

6.1.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох саналыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакцийн зүгээс гаргаж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана.

6.2.Нэрэмжит шагналыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакцаас өөр хуулийн этгээдийн эзэмшилд шилжүүлэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж