УИХ-ын гишүүд уучлал гуйхаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд уучлал гуйхаас татгалзав

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь 2008 оны долдугаар сарын 1-нд болсон эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан таван хүний ар гэр болон энэ явдлын улмаас айдас хүйдэст автсан ард иргэдээсээ Монголын төр уучлал гуйх тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн бууны суманд шархдаж, нэг хүн МАХН-ын төв байранд гавлаатай угаартаж нас барсан билээ. Энэ эмгэнэлт явдал онц байдал зарласны дараа цагдаагийнхан үүрэг гүйцэтгэх явцад, цагдаагийнхан ажилласан маршрутын дагуу болсон аж. Тиймээс Монголын төр  иргэдийнхээ аюулгүй байдал, амь насыг хамгаалж чадаагүйнхээ төлөө иргэдээсээ уучлал гуйх нь зөв гэж үзэж төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч өөрийн биеэр ард түмнээсээ уучлал гуйхаар Хууль зүйн байнгын хорооноос уг тогтоолын төслийг боловсруулсан аж.

Гэвч нэгдсэн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт “Хуулийн байгууллагынхан хэн буруутай болохыг тогтоогоогүй байхад буруутай этгээдийн өмнөөс төр уучлал гуйх шаардлагагүй, хуул эрх зүйн үндэслэлгүй” хэмээн маргаж, гишүүн Э.Мөнх-Очир “Дуртайгаараа чи өөрөө гараад уучлал гуйхгүй юу” хэмээн Х.Тэмүүжин гишүүнтэй маргав. Тиймээс Р.Гонигдорж гишүүн “Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо удаа дараа хэлэлцээд учир шалтгаан нь тодорхой болчихсон асуудал дээр маргах шаардлагагүй, асуудал байвал хэлэлцүүлгийн явцад тодруулж болно шүү дээ Тиймээс хэлэлцэх эсэхээр нь шууд санал хураалгачихя” гэсэн горимын санал гаргасан юм. Харин энэ үед Э.Мөнх-Очир гишүүн “Шууд санал хураагаад унагачихъя л даа” гэх нь сонсогдсон. Үнэхээр ч гишүүн Р.Гончигдорж гишүүний гаргасан горимын саналыг гишүүд дэмжсэн ч уучлал гуйх тухай УИХ-ын тогтоолын төсөл олонхийн саналаар уналаа. Санал хураалтад оролцсон 39 гишүүнээс 24 нь татгалзаж, 15 нь тогтоолын төслийг дэмжсэн юм. Үүний дараа гишүүд хоёр тал болон хэрэлдэж, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин нар МАН-ын бүлгийн гишүүдийг “таван хүний амь хохироочихоод уучлал гуйх тэнхээгүй алуурчид” хэмээсэн бол МАН-ын бүлгийнхэн “Бид ямар буудсан юм уу, хэн буудсаныг нь та нар тогтоосон юм уу” гэхчлэн хэрэлдэв.

Энэ хэрүүлийн улмаас үдээс хойш Сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаан хойшиллоо. Харин Х.Тэмүүжин гишүүн ирэх даваа гаригт галт зэвсэг хэрэглэж, хүний ам хохироосон цагдаа нарын хэргийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийнэ гэсэн бол З.Энхболд гишүүн нэгдсэн чуулганы санал хураалтыг хүчингүй болгуулж, санал хураалтыг дахин явуулахаар хуралдаан зохион байгуулагчдаас санал хураалтын мэдээллийг гаргуулж авсан юм. Учир нь тогтоолын төслөөр санал хураалгах үед чуулганы танхимд 20 хүрэхгүй гишүүн байсан бөгөөд үлдсэн 19 гишүүний кнопыг танхимд суусан бусад гишүүд даржээ.

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж