ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг авч яваад зодож дарамталсан гэх багш Энх-Амгаланд холбогдох хэргийг Дээд шүүхээс харьяалал тогтоож, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурлын тов удахгүй гарах юм байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлдэг, төмрөөр гуя шилбэ рүү нь цохидог, шийтгэж байна хэмээн хоолыг нь сойдог байсан аж. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахад багш н.Энх-Амгалангийн гэм буруутай нь тогтоогдсон байна. Нугараач охин Орост байх хугацаандаа тодорхой хэмжээний цалин хөлс авч байсан учир түүнийг хүн худалдаалах гэмт хэрэг юм уу, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэж үзэх боломжгүй гэнэ. Харин түүнд нугаралтын хичээл заахдаа хэрцгийгээр зодож, олон цагаар хичээллүүлдэг байсан багшид Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Үүнийг нь хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.
Хэрэгт Нийслэлийн прокурорын газрын мэргэжилтэн О.Гэрэл хяналт тавьж байгаа юм.
С.Отгон