Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан орохгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан орохгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байнгын хороонд шилжүүлэхээр боллоо. Харин  Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж гишүүдийн дийлэнх үзэв.

Үдээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулан Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн юм. Хэрэв байнгын хороо хуралдвал чуулганы нэгдсэн хуралдааныг оруулахаар болсон ч Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар цуцлагдав. Ийнхүү үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан орохгүй, мөн байнгын хорооны хуралдаан ч байхгүй болж парламентын өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж