Элсэн дээр баян бүрд бий болгож байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Элсэн дээр баян бүрд бий болгож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейт Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч, Эль-Кувейт хотын ойролцоо байх, хөдөө аж ахуйн “United agricultural production” компанийн үйл ажиллагаатай танилцлав.
 
Кувейт нь хэдийгээр элсэрхэг газар нутагтай, цөлжсөн талбай ихтэй боловч хүний хөдөлмөрөөр элсэн дээр юу ч ургуулж, ямар ч амьтныг өсгөн үржүүлж болдгийг энэхүү компанийн үйл ажиллагаа харуулж байна.

Тус компанийнхан, халуун оронд ургаж болох бүх төрлийн мод, зүлэг, цэцэг ургуулж, лам гөрөөс,  бөхөн, хар сүүлт, аргаль, янгир, тэмээн хяруул , аварга матар зэрэг ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлж, ургамал амьтны байгалийн зохицолдлогоог бүрдүүлж, усалгааны системийг сайн шийдвэрлэж чадсанаар элсэн цөлд баян бүрд бий болгосон байна. Мөн нэг бөхтэй тэмээ, араб үүлдрийн  морины аж ахуй эрхэлдэг. Эдгээр аж ахуйг ашиг орлого олох зорилгоор биш, харин байгаль орчноо хамгаалж, цөлжилтийг багасгахын тулд эрхэлж байгаа гэж “United agricultural production” компанийнхан танилцуулж байлаа.

Кувейт Улсын эдийн засгийн гол орлого нь газрын тос, байгалийн хий юм. Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүний 90 орчим хувь, ундны усны 70 орчим хувиийг гаднаас импортолдог. Хөдөө аж ахуйн компаниуд нь ихэвчлэн мод үржүүлгийн болон загас, хавчны аж ахуй эрхэлдэг байна. 

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж