Х.Цагаанбаатар медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар медалийн болзол хангалаа

Японы нийслэл Токио хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээн өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн 62 орны 400 орчим жүдоч өрсөлдөж байгаа юм. Харин Монголын багийн тухайд эрэгтэй 10, эмэгтэй зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй “Их дуулга”-д оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Эдгээр жинд Монголын тамирчдаас Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг /60 кг/, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/ нарын зургаан тамирчин зодоглосноос Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Оюутолгой” компанийн элч тамирчин Х.Цагаанбаатар ганцаараа медалийн болзол хангаад байна. Тэмцээний хэсгийн барилдаанууд өндөрлөсөн бөгөөд 16.00 цагт финалын барилдаанууд эхлэх юм. Х.Цагаанбаатарын тухайд хүрэл медалийн болзол хангаж, мөнгө, цаашлаад алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Жингийнхээ ангилалд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй Х.Цагаанбаатар эхний тойргийн барилдааныг өнжиж, улмаар залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Европын дэд аварга Польшийн Томаш Ковальскиг вазари үнэлгээгээр, дараа нь Канадын Мичаль Попьелийг мөн вазаригаар ялсан байна. Ингээд медалийн төлөө Францын жүдоч Дмитрий Драгинатай барилдаж, вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы бөх Томофүми Такажотой барилдана. Энэ барилдаанд ялбал “Их дуулга”-ын аваргын төлөө ОХУ-ын Муса Могушков, Японы Масаши Эбинума нарын ялсантай өрсөлдөх юм.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Х.Цагаанбаатарын хамт зодоглосон ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Киприйн бөхийг ялсан ч дараагийн барилдаандаа Францын тамирчин Д.Драгинд вазари үнэлгээгээр ялагдсан. Хэрэв Францын бөхийг ялсан бол хүрэл медалийн төлөө нутгийн тамирчин Х.Цагаанбаатартай таарч, барилдах байлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Монголын хоёр жүдочийн тухайд ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Финляндын бөхийг ялсан ч БНСУ-ын жүдочид ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол ОУХМ Д.Төмөрхүлэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, тавдугаар байрт шалгарлаа. Эхний тойргийн барилдааныг өнжсөн тэрбээр Азербайжан, Армяны бөхчүүдийг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Наохиса Такатод цэвэр ялагджээ.

Мөн өнөөдөр “Их дуулга”-ын татамид гарч барилдсан манай эмэгтэй жүдочдын хувьд хамгийн хөнгөн жин болох 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын Чун Жун-Ёнд цэвэр ялагдсан бол 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт Японы бөх Юүки Хашимотод цэвэр ялагдсанаар тэмцээнийг орхисон байна.

Финалын барилдаан Монголын цагаар 16.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж