Зэсийн үнэ бага зэрэг сэргэв

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ бага зэрэг сэргэв

Лондонгийн металлын биржид өчигдрийн байдлаар хөрөнгө оруулагчид тонн зэсийг 7808.50 ам.доллараар авч, 7809 ам.доллараар зарж байлаа.

Шаргал металлын ханш долоо хоногийн эхэнд буюу даваа гарагт харьцангуй өндөр буюу 7840 ам.доллар байсан ч мягмар гарагийн байдлаар огцом буурч, тонн нь 7765 ам.долларт хүрээд байсан юм.

Гэхдээ сүүлийн хоёр өдөрт бага зэрэг өссөөр 7800 ам.долларыг даваад байгаа юм. Олон улсын зээлжих зэрэглэлийн S&P агентлаг Европын холбооны 15 улсын зээлжих зэрэглэлийг бууруулах тухай мэдээлэл гарсны дараа дэлхийн үйлдвэрлэлийн гол металлын үнэ навс унаад байсан юм. Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, үйлдвэрлэлийн салбарт нь уналт гарсан нь зэсийн үнийг унагах бас нэг хөшүүрэг болжээ.

Лхагва гарагаас эхлэн байдал арай дээрдэж, үнэ бага зэрэг сэргэж байгаа ч хөрөнгө оруулагчдад болгоомжлох сэтгэл зүй байсаар байна. Тиймээс шаргал металлын үнийн тал дээр тийм ч нааштай дүр зураг харагдахгүй байгаа юм.

Дэлхийн санхүүгийн зах зээл дээр эрсдэл үүсэхэд үйлдвэрлэлийн гол металл болох зэсийн үнэ унадаг бол алтны үнэ өсдөг жамтай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид харьцангуй үнэ цэнээ хадгалах буюу найдвартай металлд итгэл үзүүлж, цаасан мөнгөнөөс татгалздагтай холбоотой. Энэ жишгээр өнгөрсөн  өдрүүдэд шаргал металл буюу алтны ханш өсч ирлээ.

Блүүлмбергийн мэдээлснээр алтны ханш сүүлийн найм хоногт тасралтгүй өссөөр байгаа юм. Өчигдрийн байдлаар шар металлын ханш унци нь 1744 ам.доллар байлаа. Өнгөрсөн сарын дундуур алтны үнэ сэргэж 1660 ам.долларт хүрэхэд шинжээчид өсөлт улам үргэлжилнэ хэмээн таамаглаж байсан юм.

Энэ өдрүүдэд Евро бүсийн лидерүүд Брюсельд чуулсан хэвээр байна. Тэд тун удахгүй "Хий эсвэл үх" гэсэн нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж, ямар ч тохиолдолд еврог аварч үлдэхээр ажиллаж байна. Хэрвээ хэлцэл амжилтгүй болбол Европын холбоо задрах хүртлээ аюул тулгараад байгаа билээ.

Л.Дэлгэр

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж