19 цагт ажлаасаа гараад бүтэн нэг цаг автобус, эсвэл таксинд сууж байснаас цагийн дараа гарвал ядахдаа 30 минутын дотор гэртээ харьчихна. Сүүлийн хэдэн жилд Улаанбаатарын замын түгжрэл ийнхүү хэрээс хэтэрсэн тул иргэд ажлаа ч эртхэн дуусгаад, эрт гэртээ харьж чадахаа байжээ. Аргагүй шүү дээ, хэн ч бүтэн цаг зүгээр л таксинд суусныхаа төлөө, эсвэл автобусанд сэгсчигдэх гэж мөнгө төлөхийг хүсэхгүй. Хайран цаг, хайран мөнгө болно.
Ингэхэд энэ түгжрэл гээч таны, миний, эсвэл гудамжинд яваа хэдэн жолооч нарын халааснаас хэдэн төгрөгийг ямар үр дүнгүй зүгээр л урсгаж байгаа бол. Бодож үзмээр санагдчихлаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлд хөдөлгөөнд ордог автомашинуудын 70 гаруй хувь нь байнгын түгжрэлд ордог гэх судалгааг Замын цагдаагийн газраас гаргажээ. Тухайн үед буюу 2010 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод 90 мянган автомашин албан ёсоор бүртгэлтэй байсан байна.
Харин саяхан Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Авто тээврийн газраас ирүүлсэн албан ёсны мэдээллээр нийслэлд нийт 350 мянган автомашин одоогийн байдлаар явж байна" гэжээ.
Тээврийн хэрэгслийн тоо жил гаруйнхны дотор бараг гурав дахин нэмэгдсэн байна. Харин шинээр баригдсан автозамын тухайд 2010-2011 онд ердөө 11.8 километр замыг шинээр барьж, 14 километр замыг өргөтгөж, шинэчилжээ.
Автозамын сүлжээ нэг үеэ бодвол сайжирч байгаа ч түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэх хэмжээнд хүртлээ өдий байна даа. Улаанбаатар түгжрээнээсээ салах хүртэл түгжрэл байсаар л, жолооч нар бухимдсаар, бензин, шатахуунаараа хохирсоор л байх бололтой юм.
Тэгэхээр 2010 оны судалгаанд үндэслээд одоо нийслэлд явж байгаа 350 мянган автомашины 70 хувь нь тогтмол түгжирдэг гэж бодъё. Энэ тооцооллоор бодвол ойролцоогоор 245 мянган тээврийн хэрэгсэл өдөр бүр түгжрээнд зогсдог болж таарч байна. Тэд тус бүртээ өдөрт дор хаяж 48.6 минут түгжирдэг нь судалгаагаар тогтоогджээ. Үүнийг жилээр тооцож үзвэл нийт 297.7 цаг буюу 10.4 хоног болж байна.
Түгжрээтэй үед автомашины хурд ойролцоогоор 20 км/цаг буюу маш удаан, тогтмол хүнд араагаар зорчино гэсэн үг. Энэ тохиолдолд автомашины бензин зарцуулалт жирийн үеийнхээс хавьгүй их байдаг жамтай. Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар түгжрээнд ордог автомашинууд 100 километрт дунджаар 13.45 литр шатахуун хэрэглэдэг гэж байна. Харин жирийн үед дээрх төрлийн машинууд 100 километрт 9-10 литр л шатахуун зарцуулдаг гэнэ. Тэгэхээр аль нэг автомашин 100 километрт түгжирч явлаа гэхэд жирийн үеийнхтэйгээ харыгуулахад 3.4 литр бензинийг зүгээр л хаяж байна гэсэн үг. Гэхдээ хараахан 100 километр замын турш түгжрэхгүй байх.
Нэг машин нэг цагийн турш түгжрэхэд нэг литр бензин алддаг гэх судалгаа байх юм. АИ92 автобензинээр тооцоход литрийнх нь үнэ одоогоор 1590 төгрөг байгаа. Үүнийг нийт түгжрэлд ордог жолооч тус бүрт үржүүлээд үзье, 389 сая 550 мянган төгрөг болж байна. Өдөрт алдагдаж байгаа зүгээр л урсгал зардал гээд бод доо. Энэ бол 2010 оны төвшинд гарсан судалгааг өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулсан харьцуулалт гэдгийг сануулъя.
Харин 2010 онтой харьцуулахад автомашины тоо л гэхэд гурав дахин нэмэгдсэнийг дээр дурьдсан. Жолооч нарын түгжрэлд зарцуулах цагийн хэмжээ ч эрс нэмэгдсэн байж таарна. Наад захын жишээ аваад үзэхэд л Улаанбаатарын аль ч зам дээр өдөр бүрийн 19-22 цагийн хооронд битүү түгжрэл үүсч байна шүү дээ.
"Гурван километр замд явах гэж нэг цаг боллоо" хэмээн Аксент автомашины жолооч н.Баяраа хэллээ. Тэгэхээр гурваас дээш, магадгүй хотын аль нэг зах руу явна гэвэл хоёр цаг болох нь энүүхэнд байх нь ээ. "100 айлаас Таван шар орох гэж хоёр цаг явлаа" гэж халаглах хүмүүс олон байна. Энэ бүхэнд хэчнээн их хэмжээний шатахуун, түлш, мөнгө урсч байгаа бол гэхээс. Бас нэг зүйлийг сануулахад, нийслэлд явж байгаа 350 мянган автомашины багагүй хувь нь төрийн байгууллагуудын унаа байж таарна. Тэдний автомашины түлш, бензинийг татвар төлөгчдийн мөнгөөр хангадаг шүү дээ. Энэ тохиолдолд татвар төлөгчдийн мөнгө ч бас ердөө хотын түгжрээнээс болж өдөр бүр сая саяараа урсч байна гэсэн үг.
Ингэхэд төр засаг автозамаа шинэчлээд, сайжруулаад түгжрэлээсээ салахгүйгээр өдөр бүр иргэдийнхээ халааснаас хэдэн саяар нь хэдий болтол урсгах вэ. Түгжрэлийн улмаас жолооч нар шатахуун, түлшээрээ хохирч үнэндээ шууд гарч буй анхан шатны л алдагдал. Үүнээс гадна шууд бус эдийн засгийн хохирол ч байна. Наад зах нь ажлаасаа хоцрох, торгуулах, бизнес, ажил хэргийн чухал уулзалт хойшлох, бүр цаашилбал, хэт их дуу чимээ, дуут дохионоос болж эрүүл мэндээрээ хохирохыг ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд эмчилгээний зардал гэж бас нэг зүйл гарч ирнэ. Энэ мэтээр замын түгжрэл гээч нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд болон шууд бусаар асар их хохирол учруулж байгааг төр засаг маань анзаарч байгаа болов уу.
Эх сурвалж: www.mminfo.mn