Ардын нам Орхон аймагт залуусаа сойж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Ардын нам Орхон аймагт залуусаа сойж байна

Орхончуудын амьдралтай “Эрдэ­нэт” үйлдвэр салшгүй холбоотой. Зөвхөн тэд гэлтгүй Монголын хүн амыг бүхэлд нь он удаан жил тэжээсэн саалийн ганц үнээ нь “Эрдэнэт” үйлдвэр ч гэж хэлж болно. Тиймээс энэ үйлдвэрийн үе, үеийн захирлууд орхончуудын хувьд чухал хүмүүсийн тоонд багтах юм. Ийм “чухал” хүний нэг нь Ш.Отгонбилэг агсан байв. Тэгвэл ойрын үед орхончууд руу Ш.Отгонбилэг агсны нэрийг барьж утасдах тохиолдол их гарч байгаа сурагтай. Харилцуурын цаанаас “Сайн байна уу. Та Ш.Отгонбилэг агсныг мэдэх үү” гэж эхлээд л түүний талаар цөөнгүй минут яриа өрнүүлдэг гэнэ. Харин төгсгөлд нь “Түүний хүү О.Содбилэгийг дэмжээрэй” хэмээдэг болсон аж. Энэ нь “Шо”-гийн хүү Орхон аймагт нэр дэвшихээр болж сонгуулийн сурталчилгаагаа хэдийнэ хийж эхэлснийг харуулж байна. Тиймээс орхончууд ирэх сон­гуулиар О.Содбилэгт санал өгөх эсэхээ одооноос бодолцож эхэлсэн ч байж болох талтай. Эрдэнэтийнхэн цөөхүүлээ учир УИХ-д хоёр л төлөө­лөгч илгээх эрхтэйгээр сонгуульд оролцдог. “Чамлахаар чанга атга” гэдэг шиг орхончууд өөрсдийг нь тө­лөөлөх хүмүүсийг өндөр шалгуураар сонгодог уламжлал хэдийнэ тогтсон. Тэд хоёр гишүүний квотоо эрх ба­ригч хоёр хүчинд тэнцүүхэн хуваагаад өгчихдөг байснаас харахад аль ч намд тал алддаггүй гэж ойлгож болохоор. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Одхүү нар УИХ-ын 2008 оны сонгуулиар Орхон аймгаас нэр дэвшиж ялалт байгуулан Төрийн ордонд заларсан юм. Үйлдвэр дагаж хөгжсөн гэдэг утгаараа Орхон аймагт нэр дэвшигчид голдуу инженер мэргэжилтэй хүмүүс байх нь элбэг. Тэдэнд итгэл хүлээлгэх нь ч бүр түгээмэл. Д.Дамба-Очир, Д.Одхүү хоёр инженер хүмүүс гэдгээр үүнийг нотолж болох юм. Өмнө нь 2008 оны сонгуулиар тэдний эсрэг Орхон аймгийн Засаг дарга асан Г.Шархүү, Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д. Энхтайван, Орхон аймгийн Үндэсний шинэ намын салбарын дарга Б.Насанбаяр нар өрсөлдөж байсан түүх бий. УИХ-ын 1996 оны сонгуульд тус аймгаас ялалт бай­гуулж УИХ-ын гишүүн болж байсан Д.Энхтайваныг УИХ-ын 2000, 2004 оны сонгуулиар нэрээ дэвшүү­лэхэд ч орхончууд дахин итгэл хүлээлгэхээс татгалзсаар бай­сан юм.  Харин  УИХ-ын 2008 оны сон­гуулийн үеэр орхончууд  Б.Насан­баяр гэгч эмэгтэйд ам сайтай байсан ч сонгуулийн эцсийн дүн гарахад Ардын намаас нэр дэвшсэн Д.Дамба-Очир, Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Одхүү нар олонхийн саналыг авч чаджээ. УИХ-ын 2004 оны сонгуулиар Ардчилсан намаас тойрог “авч” чадаагүй учир Орхон аймагт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан Д.Одхүүд Ардчилсан намынхан 2008 онд боломж олгож намаасаа сойсон юм.

Харин УИХ-ын 2004 оны сонгуу­лиар Орхон аймгийг 55, 56 гэсэн хоёр тойрог болгож хуваасан ба 55 дугаар тойргоос УИХ-ын гишүүн Д.Одхүү, 56 дугаар тойргоос тухайн үед МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Адьяа нарыг УИХ-ын гишүүнээр сонгосон юм. 55 дугаар тойрогт нэр дэвшсэн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр Ардын намаас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайхан тодорч байв. Харин 56 дугаар тойрогт Г.Адьяагийн энд хүрэх хүчтэй өрсөлдөгч хараахан гараагүй юм. Д.Одхүү УИХ-ын 2000 оны сонгуулиар Ё.Баярсайханы тоосонд дарагдаж байсан ч дөрвөн жилийн дараа түүнээс хол давуу амжилт үзүүлж УИХ-ын гишүүн болсон юм.

УИХ-ын 2000 оны сонгуулиар Ардын нам алдсан нэр хүндээ сэргээн, улс орон даяар ялалт байгуулсан түүхтэй. Орхон аймгийнхан мөн л энэ жишгийг дагав. Энэ удаад тэднийг төлөөлөн УИХ-д суух азтай хүмүүсээр Ё.Баярсайхан,  Ц.Ням-Осор нар тодорсон юм.  Харин үүнээс өмнө 1996 онд сонгуулиар Ард­чилсан холбоо эвсэл үнэмлэхүй ялалт байгуулсан түүхтэй. Орхон айм­гийнхан ч олны адил Ардчилсан холбоо эвслийг хүлээн зөвшөөрч Л.Лувсан-Очир, Д.Энхтайван нарын гарт мандатаа атгуулж байсан түүх бий. Харин анхны ардчилсан сонгуулиар эрдэнэтийнхэн Ардын намынханд найдаж Ж.Дэлгэрцэцэг, Ш.Чунаг нарыг Ардын бага хурлын гишүүнээр сонгож байсан аж.

Орхон аймагт ирэх жилийн сонгуулиар хууччуулаас  “Ногоон суваг”-ийн захирал Б.Батзул нэр дэвших сураг гарсан. Хууччуул гэсний учир нь тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр ИЗН-аас тус аймагт нэр дэвшиж байсан юм. Харин энэ удаад Ардын намаас нэр дэвших бололтой дог оо. УИХ-ын гишүүн хоёр эрхэм нэр дэвших нь тодорхой байгаа бөгөөд дээр дурьдсанчлан О.Содбилэг Ардын намаас нэр дэвших нь ч тодорхой болсон байна. Ардын намынхан энэ удаа тус аймагт залуучуудаа сойхоор шийдсэн бололтой. Мэдээж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат нарыг тооцохгүй бол шүү дээ. О.Содбилэг, Б.Батзул нартай зуузай харшуулахаар “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал Ц.Бат-Энх ч бэлтгэлээ хангаад эхэлсэн гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлаар очихоосоо өмнө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин Ардчилсан намынхны хувьд УИХ-ын гишүүн Д.Одхүү, Орхон аймгийн Засаг дарга асан Г.Шархүү нараас өөр хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Орхон аймгийнхан Д.Одхүүг хоёр ч удаа сонгосон. Энэ удаад харин төдийлөн ам сайтай биш байгаа юм билээ. Тиймээс Ардчилсан намынхан хэнийг нэр дэвшүүлэхээ сайтар бодолцох нь зүйтэй биз. Харин Ардын намынхан Орхоны хоёр мандатыг бүгдийг нь авна гэсэн итгэл дүүрэн байгаа бололтой. Ямартай ч  Орхон аймагт сонгуулийн сурталчилгааны урь хэдийнэ оржээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж