Харин УИХ-ын 2004 оны сонгуулиар Орхон аймгийг 55, 56 гэсэн хоёр тойрог болгож хуваасан ба 55 дугаар тойргоос УИХ-ын гишүүн Д.Одхүү, 56 дугаар тойргоос тухайн үед МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Адьяа нарыг УИХ-ын гишүүнээр сонгосон юм. 55 дугаар тойрогт нэр дэвшсэн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр Ардын намаас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайхан тодорч байв. Харин 56 дугаар тойрогт Г.Адьяагийн энд хүрэх хүчтэй өрсөлдөгч хараахан гараагүй юм. Д.Одхүү УИХ-ын 2000 оны сонгуулиар Ё.Баярсайханы тоосонд дарагдаж байсан ч дөрвөн жилийн дараа түүнээс хол давуу амжилт үзүүлж УИХ-ын гишүүн болсон юм.
УИХ-ын 2000 оны сонгуулиар Ардын нам алдсан нэр хүндээ сэргээн, улс орон даяар ялалт байгуулсан түүхтэй. Орхон аймгийнхан мөн л энэ жишгийг дагав. Энэ удаад тэднийг төлөөлөн УИХ-д суух азтай хүмүүсээр Ё.Баярсайхан, Ц.Ням-Осор нар тодорсон юм. Харин үүнээс өмнө 1996 онд сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл үнэмлэхүй ялалт байгуулсан түүхтэй. Орхон аймгийнхан ч олны адил Ардчилсан холбоо эвслийг хүлээн зөвшөөрч Л.Лувсан-Очир, Д.Энхтайван нарын гарт мандатаа атгуулж байсан түүх бий. Харин анхны ардчилсан сонгуулиар эрдэнэтийнхэн Ардын намынханд найдаж Ж.Дэлгэрцэцэг, Ш.Чунаг нарыг Ардын бага хурлын гишүүнээр сонгож байсан аж.
Орхон аймагт ирэх жилийн сонгуулиар хууччуулаас “Ногоон суваг”-ийн захирал Б.Батзул нэр дэвших сураг гарсан. Хууччуул гэсний учир нь тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр ИЗН-аас тус аймагт нэр дэвшиж байсан юм. Харин энэ удаад Ардын намаас нэр дэвших бололтой дог оо. УИХ-ын гишүүн хоёр эрхэм нэр дэвших нь тодорхой байгаа бөгөөд дээр дурьдсанчлан О.Содбилэг Ардын намаас нэр дэвших нь ч тодорхой болсон байна. Ардын намынхан энэ удаа тус аймагт залуучуудаа сойхоор шийдсэн бололтой. Мэдээж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат нарыг тооцохгүй бол шүү дээ. О.Содбилэг, Б.Батзул нартай зуузай харшуулахаар “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал Ц.Бат-Энх ч бэлтгэлээ хангаад эхэлсэн гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлаар очихоосоо өмнө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин Ардчилсан намынхны хувьд УИХ-ын гишүүн Д.Одхүү, Орхон аймгийн Засаг дарга асан Г.Шархүү нараас өөр хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Орхон аймгийнхан Д.Одхүүг хоёр ч удаа сонгосон. Энэ удаад харин төдийлөн ам сайтай биш байгаа юм билээ. Тиймээс Ардчилсан намынхан хэнийг нэр дэвшүүлэхээ сайтар бодолцох нь зүйтэй биз. Харин Ардын намынхан Орхоны хоёр мандатыг бүгдийг нь авна гэсэн итгэл дүүрэн байгаа бололтой. Ямартай ч Орхон аймагт сонгуулийн сурталчилгааны урь хэдийнэ оржээ.