-Манай улс “Роснефть”-ээс гадна гадны өөр компаниас шатахуун авах боломж бий юү?
-Хэвлэл мэдээллээр ихэнхдээ “Роснефть” компаниас шатахуун импортолдог тухай мэдээллэдэг. Энэ бол ташаа мэдээлэл юм. Манай улс өмнө нь ОХУ-ын ганцхан компаниас газрын тосны бүтээгдэхүүн авдаг байсан бол одоо дөрвөн компаниас шатахуун импортолж байна. Тухайлбал, “Роснефть”, “ТНК-ВР”, “Газпром нефть”, “Урал нефть” -ээс авах талаар хэдийнэ харилцан тохиролцож санамж бичиг байгуулсан. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүний 50-60 хувийг “Роснефть” компанийн нийлүүлэлт эзэлж байгаа. Мөн БНХАУ-ын “CNPC”, “Sinopek” зэрэг корпорациуд 5-10 мянган тонн шатахуун нийлүүлж байгаа. Түүнчлэн Казахстан улсын “Каз Мунай газ”-ын “Павладор НПЗ”, БНСУ-ын “GS”, “Хьюндай Ойлбанк” зэрэг компаниудаас шатахуун импортлох хэлэлцээр хийж, санамж бичиг байгуулсан.
-Одоогоор манай улсын хэмжээнд шатахуун түгээх станц, агуулахууд хэр байдаг юм бол?
-Өнөөгийн байдлаар улсын хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 117 агуулах, 1167 шатахуун түгээх станц 10 гаруй хийн байгууламжаар дамжуулан хангаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 180 шатахуун түгээх станц байдаг.
-Манай улсын шатахууны жилийн хэрэгцээнд энэ онд нэмэгдэв үү?
-Өнгөрсөн жил шатахууны жилийн хэрэгцээ 860 сая тонн байсан бол энэ жил нэг сая тонн болж арав гаруй хувиар өссөн. Энэ нь уул уурхайн олборлолт болон автомашины тоо нэмэгдсэнтэй холбоотой юм.
-Хэд хоногийн өмнө Засгийн газраас шатахуун нэмж нөөцлөх шийдвэр гаргасан. Үүнийг хэлэлцэж байх зуур зарим нэгэн шатахуун түгээх станцууд шатахууны хязгаарлалт хийсэн. Энэ нь иргэдэд шатахууны хомсдол үүсэж байна гэх айдас төрүүлсэн бололтой. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-УИХ-аас 2005 онд шатахуун нөөцлөх асуудлаар 48 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолыг Засгийн газар хэлэлцээд тэр жилдээ 38 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий шатахуун нөөцөлсөн. Харин өнгөрсөн жил УИХ-аас нөөцийн шатахууныг борлуулах шийдвэр гарсны дагуу бид худалдаж, нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн. Ер нь дэлхийн бусад улс оронд 180 хоногийн нөөц бүрдүүлдэг. Япон улс гэхэд 240 хоногийн нөөцтэй байх жишээтэй. Тиймээс манай орны хувьд төсөв мөнгө нь хүрэлцэх тохиолдолд цаашдаа илүү хэмжээний нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Зарим импортлогч компани шатахууны хязгаарлалт хийсэн нь тухайн компанийн дотоод зохион байгуулалт, менежменттэй холбоотой асуудал. Үүнийг газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүссэн мэтээр мэдээлэх нь ташаа ойлголт юм. Тээвэрлэлт, санхүүгийн хүндрэлээс эхлээд олон асуудал бий. Тухайн импортлогч компанид алдагдал үүсвэл нэг түгээгүүрийн цэгээ хаах нь тухайн компанийн өөрийн мэдэл. Алдагдлаа нөхсөний дараа үйл ажиллагаагаа явуулж болно шүү дээ.
-Одоогоор манай улсад шатахууны хэд хоногийн нөөц байгаа вэ?
-Өнөөдөр 26 мянган тонн шатахууны нөөц байна. Үүнээс А-80 шатахууны 14 хоног, АИ-92 шатахууны 20 хоног, дизель түлшний 15 хоногийн нөөц байна.
-Засгийн газрын нөөцийн шатахууныг ямар компаниас худалдан авахаар болсон бэ. Бас хадгалалтаа яаж зохицуулах гэж байна?
-Шатахуун импортолдог бүх компаниуд руугаа хөнгөлөлттэй үнээр авах талаар бичиг хүргүүлсэн. Заримтай нь харилцан тохиролцсон байгаа.
-Үнэ өртгийг нь зах зээлийн ханшаас доогуур авч чадаж байна уу?
-Ямар ч байсан зах зээлийн анхны үнээс доогуур авч байгаа. Өмнө нь улсын болон хувийн хэвшлийн агуулахуудад хадгалж байсан. Одоогоор энэ жилийн нөөцийг хаана байршуулах талаар ярилцаж байна. Онцгой байдлын газар, Төрийн өмчийн хороо, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон холбогдох яамд хаана хадгалахаа шийддэг. Харин манай газар боломжит судалгааг гаргаж өгдөг.
-Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар нэлээд ярилцсаны үндсэн дээр арай гэж асуудлаа шийдэх шиг боллоо. Ер нь манай улсын газрын тосны нөөц хэр хэмжээтэй байдаг юм бэ?
-Манай улс нийт 1.5 тэрбум тонн газрын тосны нөөцтэйгээрээ дэлхийд 33 дугаар байранд орж байна. Ирээдүйд дотоодынхоо цахилгааны асуудлыг бүрэн шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Гадаад, дотоодын олон компаниуд Засгийн газарт өөрсдийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барих санал тавьж байсан. Яагаад зөвшөөрөл өгдөггүй байсан юм бол?
-Зөвшөөрөл өгч байсан. Анх 2008 оноос одоог хүртэл нийт 17 компани үйлдвэр байгуулах санал тавьж дөрвийг нь бид шаардлага хангасан гэж үзээд зөвшөөрөл олгосон. Харин тэд өөрсдөө хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод одоо болтол бүтээсэн зүйл алга.
-Дундаж хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулахад хэчнээн хөрөнгө зарцуулагддаг юм бол?
-Нэгээс хоёр сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 600-700 сая ам.доллар хэрэгтэй. Барихаар баталсан “Дорнод газрын тосны” үйлдвэр хоногт 120 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь зүүн гурван аймгийг шатахуунаар бүрэн хангана гэсэн үг. Цаашдаа бусад бүс нутгаар судалгаа хийж байгаад дахин үйлдвэр байгуулах асуудал ярьж болно.
-Энэ онд танай Газрын тосны газрын 70 жилийн ой тохиож байгаа. Энэ онд ямар ажил хийж амжуулав?
-Манай Улсад нийтдээ цооногийн 30 талбай байдгаас 19-өөс нь түүхий нефть олборлож байна. Энэ онд хайгуулын маш олон ажил хийсэн бөгөөд үр дүн нь удахгүй гарна. Мөн сүүлийн гурван жил их ашигтай ажилласан. Тухайлбал 1993 оноос нааш төсөвт орсон орлогын 60 хувьтай тэнцэх хэмжээний буюу 900 сая ам.долларыг улсын төсөвт суулгаад байгаа.
"Улс төрийн тойм" сонин