Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ийм утгатай үг хэлсэн байдаг. “Хүн төрөлхтөнд хоёр янзын хууль үйлчилдэг. Нэг нь бичигдсэн, нөгөө нь бичигдээгүй хууль” гэж. Үнэхээр ч Н.Энхбаярыг эзэн явахад түүнд зориулсан бичигдээгүй хуулиуд бичигдсэнээсээ хавьгүй олон байсан. Эрх баригчдын эрх баригч учраас хамгийн том “халбага”-ыг барих бичигдээгүй хууль зөвхөн экс Ерөнхийлөгчид л үйлчилсэн. Улс төр, бизнесийн хүрээнийхэн хүссэн ч, эс хүссэн ч Н.Энхбаярт захирагдах бичигдээгүй хууль тэр үед хэрэгжсэн. Эрх мэдэлд мөнгө дагалддаг бас нэгэн бичигдээгүй хууль ч өнгөрсөн жилүүдэд экс Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчдэд зориулагдсан. Үүний нэг жишээ бол нийслэлийн төвийн А зэрэглэлийн бүсэд орших хэвлэх үйлдвэрийг 2003 онд газартай нь хувьчлах шийдвэр гаргасан явдал юм. Тэнд байрлаж байсан “Улаанбаатар таймс” сониныг ч мөн адил менежментийн хувьчлалаар хувьчлах болов. Энэхүү багийн нэгэн гишүүн нь Н.Энхбаярын эхнэрийн дүү О.Алтан байсан гэх мэдээлэл бий. Нийслэлийн өмч хувьчлалын комисс менежментийн багийнхны ажлыг 2007 онд дүгнэж, 2008 онд тэдэнд хэвлэх үйлдвэрийн барилга болон сониныг хувьчилжээ. Гэвч Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Р.Отгонжаргал “Энэ хувьчлалыг эргэн харж, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хэрэгтэй байна” хэмээх албан тоотыг холбогдох газруудад илгээснээр бүх зүйл эхлэв. Нийслэлийн өмч хувьчлалын комисс эл асуудлыг дахин нягтлахад мөнөөх менежментийн багийнхан нь нэг тэрбум төгрөгийн өр, авлага үүсгэсэн нь илэрсэн гэдэг. Тиймээс хувьчлалыг хуулийн дагуу цуцлан “Улаанбаатар таймс” сониныг 2008 оны есдүгээр сард хувьчилсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард бас л хүчингүй болгосон. Хамгийн сонирхолтой нь дээрх өмч хувьчлалд оролцсон менежментийн багийнхан өдгөө нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэж буй хэвлэх үйлдвэрийг нийт 332 сая төгрөгөөр л өөрсдийн мэдэлд авсан байдаг. Товчхондоо, тэд менежментийн гэрээ гэгчээр халхавчлан энэхүү объектыг өмчилжээ. Гэвч сонин, байшин хоёртой холбоотой хувьчлалын гол золиос нь хэн байв. Хамгийн ихээр хохирогч нь тэгээд чухам хэн нь юм бэ. Булхайгаа дэлгүүлж суугаа Н.Энхбаяр уу, хувьчлал нь хүчингүй болсон менежментийн багийнхан уу. Аль эсвэл удирдлагынхаа үгэнд төдийгөөс өдий хүртэл итгэж, цалингүй шахам ажиллацгаасан “Улаанбаатар таймс” сонины хамт олон уу. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд өөрсдийнхөө тэвчээрийг сорьсон нөхөд бол энэ сониныхон. Хөдөлмөрөө үнэлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрхээ тэд бараг эдэлж чадаагүй ажээ. Н.Энхбаярын хэрүүлийн гол сэдвүүдийн нэг болсон “Улаанбаатар таймс” сониныг До.Чулуунбаатар нар эрхлэн гаргаж байх үед нийгмийн даатгалд нийт 25 сая 254 мянга 250 төгрөгийн өр хуримтлагдсан байх юм. Үүнээс гадна дансны болон цалингийн өглөгт их хэмжээний өр төлбөр үүсэж, хүн амын орлогын албан татварт л гэхэд 17 сая 381 мянга 740 төгрөг төлөөгүй аж. Сэжигтэй биш гэж үү. Менежментийн багийнхан боловсон хүчин, хөрөнгө оруулалт, байгууллагынхаа оршин тогтнох нөхцөлд анхаарал хандуулах учиртай. Гэтэл тэд бүх зүйлийг эсрэгээр нь эргүүлжээ. Сэтгүүлчидтэйгээ баг болон ажиллаж, ахуй амьдралд нь анхаарал тавих нь бүү хэл “Уран бүтээлээ туурвиж байгаа” гэх нэрийдлээр ажилдаа ч ирдэггүй байж. Хааяахан хар нүдний шилтэй хүн ирж, цүнхнээсээ мөнгө гарган цалинг нь хагас дутуу тавьсан болчихоод л гарч оддог байсан гэдэг. Удирдлага нь “Улаанбаатар таймс” сониныг өөд татах биш, хотын А зэрэглэлийн бүсэд орших газарт шунасан учраас сэтгүүлчдийн хувьд бүх зүйл уруудаж байв. Байгууллага нь хүн амын орлогын албан татварыг нь төлөлгүй удсан учраас нэгэн сэтгүүлч лизингээр индүү худалдаж авах гээд чадеаагүй гэдэг. Харин одоо “Улаанбаатар таймс” сонины хувьд цаг өөр болсон. Цалингаа цагтаа авч чадахгүй гундуухан явдаг байсан сэтгүүлчдийн сэтгэл сэргэж эхэллээ. Гэвч “Муу юм модон улаатай” гэдэгчлэн өмнөх менежментийн багийнхантай холбоотой асуудал тэдэнд дарамт үзүүлсээр байна. Н.Энхбаяр сэтгүүл зүйгээр улс төрийн “Кофе” найруулсны гай энэ.
"Улс төрийн тойм" сонин