Нийгмийн үйл амьдралын ард биш дунд нь юм уу урд нь алхаж явах учиртай сэтгүүлчдийн их хурал маргааш болох гэж байна. Албан ёсны тов нь аль хоёр сарын өмнө байсан. Тодорхой шалтгаан гарсан учраас ийн хойшлуулсныг бид мэднэ. Уг нь сэтгүүлчдийн их хурлын ач холбогдол нь Монголын иргэн бүрт шууд нөлөөлж түүний үр дүнд 21 мянгыг тараах хэмжээний шийдвэр гарахгүй нь тодорхой. Салбарын чанартай, байдаг л нэг хурал, зөвлөлгөөн шиг жирийн иргэдэд санагдаж болно. Харин сэтгүүлч, сурвалжлагч бидний хувьд арай өөр. Энэ удаа ярих, шийдэх асуудал асар их бий, бидэнд. Өнгөрсөн намаржингаа ярьсан удирдлагын томилгооны маргаанаас эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч нэг бүрийн өмнө хөндөлдөж, хөлд нь тээр болдог бэрхшээлийг бид халуун ам бүлээрээ сууж байгаад ярилцах учиртай. Нэгнийхээ зовлон, жаргалыг энэ танхимаас л сонсох ёстой. Төр засгаас, эсвэл аль нэг нам эвслийнхний зохион байгуулсан хурал, зөвлөлгөөнийг хөндлөнгөөс харж суугаад ажлаа хийдэг байдлаар бус өөрсдийнхөө төлөө бид хуралдах гэж байна. Өмнөхтэйгөө харьцуулахад энэ хурал арай өөр, ажил хэрэгч байдалтай болох болов уу гэсэн горьдлого сэтгүүлчдэд байна. Урьдах ээлжит их хурлуудад ч олон хүн ингэж бодож оролцдог байсан. Гэвч хурлын явц, эцсийн үр дүн нь тийм ч олон хүний сэтгэлд хүрэлгүй өндөрлөж, өнөөг хүрсэн учраас энэ удаа илүү их найдлага тавьж байна. Ялангуяа сүүлийн хэд хэдэн удаагийн их хурлын өнгө төрх хэтэрхий албархуу, зөвхөн томилгоо хийх, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэж ирсэн. Түүнээс бус халамцуу, гөлөмцүүхэн хэлхэлдэж, хатуу хөтүү үг чулууддаг зарим нэгнийг энэ удаа оруулахгүй байгаасай гэсэндээ “ажил хэрэгч” гэж онцолсонгүй. Угаасаа өмнөх их хурлуудаар ч сэтгүүлчид дунд сэлэм эргүүлэх нь эргүүлж, хоорондоо барилцаж заамдалцах нь байж л байдаг шүү дээ. Тийм болохоор энэ удаад илүү нээлттэй, гаргасан шийдвэр нь жирийн сэтгүүлчид рүү чиглээсэй л гэж хүснэ. Хамгийн гол нь одоо болтол үүний горыг нэг сэтгүүлч, нэг сонин амсаад зогссон бол өөр хэрэг. Өнөөдөр энэ салбар бүхэлдээ шалны алчуур шиг үнэлэгдэж, тэнд ажиллаж байгаа хүмүүс нь “Сэтгүүлч” гэж өөрийгөө бусдад танилцуулахаас ч айж, ичдэг болтлоо үйлийг нь эдэлж байна. Түүний оронд “Жижгэвтэр ч хамаагүй, аль нэг хэвлэлийн компанид менежерээр ажилладаг” гээд зогсч байвал бараг арай дээр үнэлэгдэх байх. Ийм л болчихлоо бид. Яахав, “Сэтгүүлчдийн эвлэл байсан байгаагүй, сонин, телевиз бүр өөрсдийгөө аваад явчихвал болоо юм биш үү” гэж ярьдаг нэг хэсэг байдаг. Болно л доо. Тэртээ тэргүй эвлэлтэй байлаа гээд ямар тухайн байгууллагын нэг сарын цалинг шийдэж өгөөд эсвэл Морин даваанд хашаа байшинд амьдарч байгаа нэг ажилтныг нь хотын төвд байранд оруулж өгөх биш. Ингэх үүрэг хүлээлгэх ч боломжгүй. Гол нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрийн ард төрийн бус ч гэлээ эрх зүйн чадамжтай нэг ийм байгууллага бий шүү гэдгийг нийтэд ойлгуулж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан бол энэ салбар бас ч танагтай байх байлаа. Ядаж л дуртай, завтай болгон нь сонин, сэтгүүлийн редакцынхныг шүүхийн танхимд дуудаж өмнөө бүлтэгнүүлэхгүй байж болох байв. Хөх зүү хөндлөн барьсан бүхэн оёдолчин биш гэдэг шиг улаан диплом өвөртөлчихөөд хоёр өгүүлбэр холбох чадваргүй, эсвэл зурагтаар хоолны хичээл зааж арван минут чалчсан болгон сэтгүүлч мөн үү гэдэг ч бас л асуудал. Дөрөв дэх засаглалынхан гэж өргөмжлүүлдэг ч гэлээ бидэнд бас өө байхгүй биш, байгаа. Нэгээр ч тогтохгүй. Бас гавьяа ч бий. Биднийг олон нийтийг мэдээллээр хангаж байх гол гүүр гэж ойлгодог нь ч байна. Ойлгохгүй нь ч байна. Ажлаа хийж яваа сэтгүүлчид амин хувийн зүйлээ хөөцөлдөж яваа юм шиг хандаж, хаалгаа дотроос нь түгжээд суучихдаг хурган дарга ч төрийн байгууллагад байж л байна. Өөрийнх нь ажлыг өдөр болгон сурталчлах ёстой гэж мугуйд загнадаг сайд ч байна. Эзэнгүй байгааг нь мэддэг ч гэлээ энэ бүхэн дээр эргэн эргэн харж эвлэлээ эрж хайсаар сэтгүүлчид үнэхээр цөхөрч гүйцлээ. Өнгөрсөн есдүгээр сард 100 гаруй сэтгүүлч цугларч салбарынхаа болж, бүтэхгүй байгаа олон зүйлийг бүтэн өдрийн турш ярилцаад “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” нэртэй түр хороо байгуулах шийдвэр гаргасан билээ. Дундаасаа тэргүүлэгчдээ сонгоод эвлэлийн одоогийн удирдлагад энэ бүхнийг ойлгуулж, засч залруулах үүрэг, даалгавар өгсөн юм. Тэд сайн ажилласных уу, ямар ч гэсэн тун удалгүй Т.Баасансүрэн нар ч “түргэн” авч, өөр нэгэн Түр хороо байгуулж ажилд нь оруулсан санагдана. Дараа нь шүүх дээр хөтлөлцөж очоод юм юм л болсон. Ингэж хөдөлгөөнд оруулсны үр дүн ч юм уу өнгөрсөн сард дүрмээ шинэчилж чадлаа. Харин маргаашийн хурлаар сэтгүүлчид хэлэлцэж батлах л үлдсэн юм байна. Уг нь “амьтай” байгууллагад бол үйл ажиллагааг нь зохицуулж байдаг гол зүйл нь дүрэм байдаг. Тийм учраас эндээс шинэчлэлийг эхлэх гэж байгааг зөвтгөмөөр байгаа юм. Түр хорооныхон шахаж шаардаагүй бол бас яах ч байсан юм билээ. Хуучин дүрмээрээ хуралдсан болж одоогийн удирдлагаа улираан сонгож дахиад дөрвөн жил “унтах” байсан биз. Энэ дүрэмтэй танилцаж байхад сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагыг намын харьяаллаас хол, жирийн сэтгүүлчдийг хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн нөлөөнөөс ангид байлгах асуудлыг дүрэмд тусгасан нь цаг үетэйгээ нийцжээ. Өөр хэд хэдэн дэвшилттэй заалт байгаа юм. Сэтгүүлчдийн байгууллага үйлдвэрчний чиг баримжаатай, үйл ажиллагаандаа Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын ёс зүйн кодекс, Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг чанд баримтлан ажилладаг болох тухай асуудлыг тусгасан байна. Энэ бол хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл. Ингэж ажиллаж чадвал Сэтгүүлчдийн эвлэл гадаад, дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн байгууллага болж чадна. Ядахдаа л Хөх хот, Улаан-Үд хоёроос өөр газарт сэтгүүлчдийн байгууллага байдаг гэдгийг “харанхуй” гишүүддээ ойлгуулахад хэдэн шат ахих байх. Угаасаа одоо байгаа үнэн нүүр царай гэвэл гадаад харилцаа, хамтын ажиллагаа энэ тэр байтугай, гишүүн байгууллагуудаа ч танилцуулчих хэмжээний сайт ч байхгүй л байгууллага шүү дээ. Энэ мэтчилэн тогоон дотроо ярилцах юм бидэнд их байна. Маргааш уулзацгаая даа…
Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин