Нэг хэсэг Төсвийн тухай хууль дээр өдөр, шөнөгүй ажиллаж байсан гишүүд одоо Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд ухаан алга. “Хуулийг энэ долоо хоногт амжиж батална” гэсэндээ хүрэх гэж чармайж байгаа бололтой. Нөгөө талаар хуулийг батлах хугацаа ч дуусах гэж байгаа юм. Тэдний онцолсон “Энэ долоо хоног” өнөөдрөөр дуусах гэж байхад УИХ дахь хоёр намын бүлэг өөр, өөр тийшээ харсан хэвээр байна. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өчигдөр болсон. Гэхдээ нааштай хариу сонсоно гэсэн хүлээлт талаар болсон юм. Хуралдааны үеэр мажоритари давамгайлсан 48:28 гэсэн хувилбараар сонгууль явуулахдаа хэрхэн шилжилт хийх вэ, намын нэрээр санал авах 28 суудлыг хэрхэн хуваарилах вэ гэдэг дээр бие, биенийхээ саналыг сонссон. МАН-ын бүлгийн хувьд “28 хүнийг бүрдүүлэхдээ 48 болон 28-аасаа ч оруулъя” гэдэг саналтай байгаа. Энэ саналыг нь АН-ынхан зарчмын хувьд хүлээн авсан ч тоон дээр санал нэгдэж чадаагүй байгаа аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр болсон хуралдааны дараа “Намын нэрээр сонгогдох 28 хүнийг сонгохдоо 48 мандатаасаа 100 хувь шилжүүлэх үү, эсвэл 48 болон 28-ынхаа аль алинаас нь шилжүүлэх үү гэдэг дээр маргаан гарсан. Гэсэн ч ажлын хэсгийн гишүүд сайтар ярилцсаны үндсэн дээр манай намын бүлгийн зүгээс тавьсан босго тавих саналыг АН хүлээж авахаар болсон” гэж мэдээлэв. Өөрөөр хэлбэл, 48 мандатаасаа 28 руу шилжүүлэхдээ тухайн тойрогтоо хэдэн хувийн санал авсанаар нь босго тавих аж. МАН-ын бүлгийн хувьд “25 хувийн санал авсан хүнийг шууд сонгогдсонд тооцно” гэсэн санал оруулсан бөгөөд АН-ынхан “25 хувийг 30 болгоё” гэсэн хариулт өгчээ. Үүнийг МАН-ынхан хэлэлцээд зөвшөөрч байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм. Эндээс “УИХ дахь хоёр намын бүлэг шийдэлд хүрч чаджээ. Одоо Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахад саад болох зүйл байхгүй” гэсэн дүгнэлт хийж болохоор байв. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Ө.Энхтүвшин даргын хэлснээс арай л өөр зүйлийг ярих нь тэр. Тодруулбал, “Бүлэг дээр асуудлуудыг хэлэлцлээ. Ингээд “МАН-аас тавьсан саналуудыг хүлээж авахад хэцүү байна” гэж үзлээ. Улаанбаатар хот болон бусад аймагт нэг мандаттай тойрог дээр олон нэр дэвшигчтэй байгаа тохиолдолд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тэгш байдал хангагдахад маш хэцүү. Тийм учраас тэгш бус байдлыг арилгах тал дээр ажлын хэсэг дахин ажиллах шаардлага байна” гэв. Ийнхүү тогтолцооны асуудалд санал нэгдээгүй байгаа ч АН, МАН-ын бүлгийнхэн нэг зүйл дээр санал нэгдсэн хэвээр байгаа аж. Тэр нь “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг цаг хугацаанд нь баталъя. Намын бүлэг, ажлын хэсэг дээр хийх ажлыг түргэвчилье” гэдэг юм. Тиймээс өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах ажилд ямар ахиц гарах вэ гэдгийг харах л үлдлээ.
Т.Урангэрэл
"Улс төрийн тойм" сонин