“ХААН” банкны гүйцэтгэх захирал асан Петер Морроугийн орыг залгамжилсан Сайман Моррис үнэхээр том сэтгэдэг хүн ажээ. Түүний баримталсан гол зарчим нь жижиглэнгийн наймаанаас татгалзаж “том” харилцагчдаар хүрээгээ тэлэх байсан юм. “ХААН” банкны салбар бүрт “VIP” хэрэглэгчдэд үйлчлэх хэлтэс нээж, жижиглэнгийн үйлчилгээ авагчдыг зах зээлээс шахаж эхэлсэн нь саяхан. Монгол бол жижиг улс. Гэтэл тэр хэтэрхий “том” дуугарснаас болж “ХААН” банкийг хэл амны бай болгосон. Тус банкны ТУЗ-ийнхний сонгосон Сайман Моррис “ХААН” банкны гйүцэтгэх захирлаар ирэхээсээ өмнө Английн “Стандарт Чартеред” банкны Шри Ланк дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Түүнийг Ази, Европ, Африкийн банкуудад 25 жил удирдах албан тушаал хашсан, Олон улсын менежмент, банкны салбарт ихээхэн туршлагатай учраас ийнхүү сонгосон гэдгийг тухайн үед “ХААН” банкнийхан хэлж байсан. Тиймээс ч гүйцэтгэх захирал асан Петер Морроугаас хэд дахин өндөр цалин олгож байсан гэнэ. Харамсалтай нь Сайман Моррис тэдний итгэлийг алдаж, зах зээлээ мэдэрч чадалгүй зүтгэсээр “ХААН” банкны нэр хүндийг Монголын банк, санхүүгийн салбарт унагасан гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн хуудсуудыг чимэх боллоо. Түүгээр ч үл барам Сайман Моррисыг тунирхсандаа болоод нутаг буцсан гэх. Тэр банк, санхүүгийн салбарт 25 жил удирдах албан тушаал хашихдаа нэг ч загнуулж үзээгүй юм болов уу. Аль эсвэл монголчуудтийм аймар ууртай юм болов уу. Ямартай ч тансаг зэрэглэлийг эрхэмлэгч ноён Сайман Моррист Монголын банк, санхүүгийн салбар ээлгүй байсан бололтой.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин