Багш нарын цалинг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатайгаар нэмэх болсон ч тэд оноос өмнө цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч холбогдох байгууллагууд нь энэ талаар шийдтэй хариу өгөөгүй байгаа юм. Тэд шат дараатай арга хэмжээ авч ажил хаях түр хороог ч байгуулаад амжсан. Тэгвэл багш нар өчигдөр хугацаагүй ажил хаяхаар болсон тухайгаа мэдэгдсэн юм. Тэд жагсаал, цуглаан зохион байгуулж, сануулах ажил хаялт хийж, Ерөнхийлөгчид хандсан ч нааштай хариу авахгүй нь гэж үзсэн бололтой. Тиймээс асуудлыг нь нааштайгаар шийдэх хүртэл хугацаагүй ажил хаяна гэсэн юм. . Ажил хаялт зарлахдаа ажлын бүтэн цагаар буюу 08.00-17.00 цагийн хооронд ажил хаях аж. Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн багш нар болон зарим цэцэрлэгийн багш нар оролцох бөгөөд ажил хаялтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан аж. Нийслэлийн багш нараас гадна хөдөө, орон нутгаас 14900 гаруй багш энэхүү арга хэмжээнд нэгдэхээ мэдэгдэж гарын үсэг цуглуулан явуулжээ. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар ажил хаях болсон тухайгаа цэцэрлэгийн багачууд, сурагчдын эцэг, эхчүүдэд хэдийнэ мэдэгдсэн байна. Дөрөвхөн сар хүлээж чадахгүй байгаа тэвчээргүй багш нараас болж бяцхан хүүхдүүд хохироод үлдэх нь. Эцэст нь энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байгаа юм.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин