Нэг үгээр хэлэхэд Б.Тулгыг олон нийтийн өмнөөс давхар яллаж орхилоо. Энэ нь прокурорын болон хууль сахиулагчын эрх үүргийг уландаа гишгэсэн хэрэг болов уу гэлтэй. Улсын яллагч нь мөрдөн байцаах болон хянан шалгах үйл явц болон аливаа хэрэгт өөрийн урьдчилсан дүгнэлтээ хийж болохгүй юм. Уржигдар болсон хэвлэлийн бага хурал дээр Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай хэлэхдээ “Тухайн үед прокурорыг саатуулж байх энэ явцад Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч н.Сүхбаатар нь Б.Тулгад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг цаашид үргэлжлүүлэхээс татгалзсан шүүхийн шийдвэр гаргасан байна. Үүнийг ямар ч үндэслэлгүй гаргасан шүүхийн шийдвэр гэж бид үзэж байна. Тийм ч учраас энэ хэрэгт хяналт тавьж байгаа прокурор нь Сүхбаатар дүүргийн шүүгч н.Сүхбаатарын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, Б.Тулгыг суллахыг зөвшөөрсөн түүний тушаалыг үндэслэлгүй хэмээн өргөдөл гаргаад байна. Сүхбаатар дүүргийн шүүгчийг энэ хэрэгт буруутай гэж үзсэн учир гомдол ч гаргасан энэ бүхнийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна. Мөн жагсаал цуглаан хийх үйл явцыг хуулийн дагуу явуулахыг шаардсан мэдэгдэл өгөөд байгаа. МАХН-ын гишүүд дэмжигчдийн гаргасан шийдвэрийг бид хуулийн хүрээнд зогсоох ёстой гэж үзэж байна” гэж хэлсэн юм. Хэрэв тэд буруутай үйлдэл хийсэн бол шүүхийн танхимд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай энэ ёс зүйг зөрчиж ард түмний өмнө тэр дундаа хэвлэл мэдээллийнхний өмнө ялын тогтоол “уншиж” байгаа нь прокурорын ёс зүйд нийцэхгүй зүйл юм. Эсвэл тэрбээр тийм их эрх мэдэлтэй хүн үү. Прокурор нь гэмт хэргийг шийдвэрлэх болон эцсийн дүгнэлтийг гаргах шүүхийн танхимд Монгол Улсын нэрийн өмнөөс буруутай этгээдэд ял оноох байтал телевизийн камерын өмнө яллаж байгаа нь аймшигтай санагдлаа. Нэгэнт шийдвэр нь гарчихсан хэргийг дахин сөхөж Б.Тулгыг дахин ялласнаараа Үндсэн хуулийг зөрчив. Ё.Сагсай “Мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэе” гэж хэлсэн бөгөөд ёс зүйн хэм хэмжээ зарчмаа зөрчиж Б.Тулгыг хувь хүнийхээ үүднээс давхар яллаж байгаа юм. Мөн тэрбээр “Монгол Улсын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, ажилчин, иргэн хэн ч Үндсэн хуулиа дагаж мөрдөх ёстой” хэмээсэн боловч хэнд хандаж ингэж хэлсэн нь тодорхойгүй. Өөртөө л хэлсэн мэт санагдаж байна. Энэ бүх галзуурал уржигдар “Монгол ньюс” мэдээллийн төв дээр болсон юм. Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсайгийн зарласан хэвлэлийн бага хурал дээр шүү. Хэрэв түүний мэдрэл нь зүгээр бол ийм ойлгомжгүй, ёс зүйгээ уландаа гишгэсэн зүйл ярьж байхгүй л байхсан. Энэ галзуурсан прокурорыг одоо яах бол.
"Улс төрийн тойм" сонин